Цаг үеийн мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит есдүгээр хуралдаан өнөөдөр болж/2024.02.08/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт хийсэн үзлэг, шалгалтын тайланг сонсов.  Ажлын хэсэг тус шүүхийн архивд илэрсэн зөрчлүүдийг арилгах мэргэжил арга зүйн зөвлөгөөг шат дараатайгаар өгч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн тооллогын бодит тоог тогтоож ажилласан байна.

Зарим шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан тухай 2024 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн гуравдугаар тогтоолд өөрчлөлт орууллаа. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материал хүлээж авах хугацааг хойшлуулж, 2024 оны наймдугаар сарын 05-ны өдрөөс есдүгээр сарын 04-ний өдрийн 17.00 цаг хүртэл болгон өөрчиллөө.

Тус зөвлөлийн Ажлын албаны дарга, төсвийн шууд захирагч, Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэтулгыг томиллоо. Б.Эрдэнэтулга нь эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй. Эрх зүйчээр 13 жил ажилласан сүүлийн таван жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй гүйцэтгэх нарийн бичгийн даргад тавигдах хуулийн шаардлагыг бүрэн хангасан туршлагатай төрийн албан хаагч юм.