Цаг үеийн мэдээ

Цагаан сар бол Монгол туургатны шинэ оноо угтах баяр. Монголын ард түмэн зөн совингоороо цагаан сарыг төрт ёсны, нийт монгол угсаатныг нэгтгэдэг гүн утга учиртай баяр гэдгийг мэдэрдэг билээ. Эл баярыг тохиолдуулан 1970-аад, 2000-аад, 2020-иод оны гурван үеийн цагаан сарын дурсамжийг та бүхэнд толилуулж байна.

Гурил элдэж өгөөрэй гэх хөрш айлын эгчийн үгээр цагаан сар эхэлдэг

Ахмад настан В.Дэлгэрмаа

Хүүхэд байхад цагаан сар дөхөөд ирэхээр бууз, банш хийх зар түгдэгсэн. Тэртээ 70-аад оны л дурсамж. Гурил элдэж өгөөрэй гэх хөрш айлын эгчийн үгэнд бөөн баяр болдог байлаа. Томчууд нь шөнө буузаа хийнэ. Хөлдөөх ажлыг хүүхдүүд нугална. Тэгэх дээ гал тойрж суугаад чөтгөр шулмаас эхлээд ярихгүй сэдэв байхгүй. Анх­ны жигнүүрээс азны бууз олох гээд уралдаж иднэ. Эцэг эхчүүд нууцаар чавгаар эсгэсэн бараашигаа аягалж ууцгаана. Харин хүүхдүүд нь нууцаар чавгыг нь түүж иднэ. Бас хэвийн боов хийнэ гэдэг асар том ажил байлаа. Хоршооноос жоор­лосон цав цагаан гурил оруулж ирээд зуурна даа. Бүтэн өдрөөр зогсохгүй үргэлжилдэг ажил даа. Бас л сайхан яриа хөөрөө, гэ­рийн халуун, хоолон дээр задалсан "ганц юм" хоёр нийлээд хүмүүсийг улаа бутруулан улам сайхан ааштай болгоно. За хө, тэгье хө, ингэе ээ хө л гэсэн хүмүүс. 

Зүгээр ар­хидаад дуулалдаад ори­лол­доод байгаа улс биш. Чухал ажил хийж байгаа болохоор ингээд тарахгүй суугаад байгаа­сай гэмээр. 

Гачигдалтай, юмс хомс байсан цаг үе ч тэртээх он жилүүдийн цагаан сар сэтгэлд үлджээ. Сумынхаа бүх айлаар ордог байлаа. Хүүхдүүд хэсэг хэсгээрээ фракц болчихсон уралдаж айл хэсэцгээнэ. Нээх үнэтэй бэлэг өгөхгүй шүү дээ. Тууш дэвтэр дээр нэг төгрөг тавьж өгөх ч юм уу, ул боовон дээр хэдэн чихэр атгаад өгнө. Гэсэн ч уйгагүй айл хэсдэг байсан. Шинэлгээнээр хүүхдүүд ерөөсөө л “тэр айл үлдсэн, энэ айлаар орно” гэдэг л үгтэй. Ах эгч нар маань тусдаа гарчихсан байсан учир тавгийн идээгээ барьж орж ирээд аав ээжтэй золгодог байсан. Тэр үеийн дурсамж өчигдөрхөн юм шиг л тодхон байна даа.

Эгч бид хоёр айл хэсч яваад төөрөөд…

Малчин Б.Мөнх-Эрдэнэ

Цагаан сарыг хоног тоолон хүлээдэг хүүхэд байж билээ. Аав минь хонгор морио унаад ах, дүү бид тавыг чарган дээр суулгаад чирээд явна. Бас болоогүй ээжийг ардаа сундалчихсан. Хонгор морины шогшоонд чарга зугуухан урагшлаад л, тэртээ харагдах хөх уулс ямх ямхаар алсраад. Шиний нэгний өглөө үүр цайхтай зэрэгцэн эхний айл даа ирдэгсэн. Өвөлжөө дамжин нэгээс нөгөө айл хүртэл 1-2 км, зарим айл руу 10 гаруй км явж хүрнэ. 2000-аад оны эхэн үед хөрш зэргэлдээ бүх айлаар орж золгуут хийдэг байлаа. Нэгнээ танихгүй гэх зовлон байх биш дээ, хөдөө. Энэ л үеийн хүүхэд насны цагаан сарын гэгээн дурсамжныхаа нэгээхэн хэсгээс та бүхэнд хуваалцъя. 

За даа би 12 настай байсан байх, эгч минь 15-тай юм уу даа. Өөрсдийгөө их л том хүмүүс болсон гэж аав ээж рүүгээ пээдэлзээд, хоёулахнаа айл хэснэ гэж ам гарав. Ингээд хөршүүдээрээ явган хэсэхээр боллоо, эгч бид хоёр. Манайхан чаргандаа суугаад зүүн зүг рүү хөдөлцгөөв.

“Хоёулаа эсрэг зүг рүү нь явъя. Цогоо ахынд эхлээд очъё” гэж эгч хэлээд инээмсэглэлээ. Би ч муу санаалаад “Өнөөх нохойн ам гэдэг рүү очоод хөөгдөх юм болох вий дээ” гэтэл эгч “нохойн ам баруун урд зүгээс гэж аав ээжид өчигдөр хэлсэн дэг. Надад итгээ” гээд элгэндээ гараа эвхчихэв.

Заа ингээд эгчийн үг хууль тул Цогоогийнх руу хөдөллөө. 

Айл айлаар хэсч, гэрийнх нь хаалгаар орох доо амар байна уу гэж мэндэлж хөөрөг зөрүүлээд л, айлын хойморт залраад, зарим нь эгч бид хоёрт зуу ч татуулав. Нутгийнхаа хүмүүстэй цаг агаараас эхлээд есөн жорын юм хөөрөлдөөд нээрээ л том хүн болчихсон юм шиг санагдана. Бид хоёрт хөгжилтэй байсан тул цаг хэд болж байгааг ч анзаарах сөхөөгүй айл хэсчихсэн байлаа. Сүүл рүүгээ ихэнхдээ танихгүй айл таараад эхлэв.

Ерөнхий дөө яг хаахна яваад байгаагаа би багцаалдаад байгаа. Гэтэл эгч “за хоёулаа харих уу даа. Очиж бэлэгнүүдээ задалж үзье” гээд шал буруу тийшээ зүглээд алхчихлаа. “Харина гээгүй бил үү эгчээ” гэхэд “харьж л байна шүү дээ, баруун урд зүг рүү манайх байх ёстой” гээд зүүн хойд руу алхаад унав. “Та зүүн тийшээ алхаад байна шүү дээ” гэтэл “Юу яриад байгаа юм” гэж уурлав. Эгчид яаж ч тайлбарлаад ойлгосонгүй. Орхиод явж болдоггүй. Дагаад сажиллаа.

Замд тааралдах уул, хад нэг л өөр байгааг анзаарсан эгч зог тусав. Гадаа харуй бүрий болж, орчин тойрон харагдахаа боллоо. Үхэр мөөрөх дуунаас өөр аниргүй болоод ирлээ. Уулын бэл дагаад уруудаж яваа үхэрнүүдийг дагаж айлд очихоос өөр арга бид хоёрт байсангүй. Ингээд өнөөх үхрүүдийг дагаж нэлээд алхсаар айлын хот руу ороод ирлээ. Ашгүй нэг хүний бараа харав. Нэрийг нь одоо санадаггүй юм. Их л биеэрхүү, чанга инээсэн ах байж билээ. Ингээд учир явдлаа хэлэхэд “Гэрээсээ их хол морилж яваа юм байна даа та хоёр. Мангиртын бригад эндээс 20 гаруй км. Аав ээжийнх нь санаа зовж байгаа байх. Ах нь хүргэж өгье дөө” гээд үхрээ тэргэнд хөллөв. Гэртээ харьж чадахаар болсон доо бид хоёр туйлын баяр хөөртэй. Ингээд л үхэр тэргэн дээр гараа салаавчлан дээш харж хэвтээд тэнгэрийн оддыг тоолон гэрийн зүг хөдөлсөн юм даа. Одоо хэр нь цэлмэг тэнгэр дэх нүүгэлтсэн их одод, бид хоёрт буян болсон ахын хүр хийсэн инээд санаанаас гардаггүй юм.

Хөл хорио зөрчиж золгуут хийж яваад…

Багш Л.Нямхүү

Хөл хорионы үеэр л юм даг. 2020 оны өвөл юм байна. Хүүхдүүдийн хичээл амарч таараад аавынх руугаа, төрж өссөн нутаг руугаа зүглэлээ. Долоо хоног ч гэсэн хүүхдүүдээ агаарт гаргачих санаатай тэр. Төд удалгүй УОК-оос сар шинийн баяр гээд хөл хорио тогтоохоор болов. Долоо хоноод буцах бидний төлөвлөгөө замхрав бололтой. Хөл хорионд юу эс хийхэв шагай наадгай, хөзөр муушиг эргүүлэнгээ өдрийг өнгөрөөж, нэг мэдэх нь ээ битүүн болжээ. Шинэлгээний ажил ч ундарна. Аав цухалдангуй “Төрөл садан, настан буурлууд маань олны хөлд дарагдаад сайхан шинэлцгээдэг сэн. Айлд зочлох ёс уламжлал алдагдаад нэг л биш ээ” гэлээ. Би ч санал нэгдэн толгой дохив. 

Маргааш өглөө шинэлгээ эхэлдэгээрээ эхэллээ. Сар шинийн бэлтгэлгүй ирсэн би авдараас аавын хуучин торгон дээл, шилефен малгайг өмсөөд золгуутаа хийлээ.

Хоймроос аав “Шинийн нэгний нар мандахыг уулан дээрээс харах ч, үгүй ээ мөн сайхан даа” гэж хэлээд ээжийн чанасан тостой сүүтэй цайг оочилно. Ээж “Улс орон ийм болсон хойно дэмий юм яриад юу гэхэв ээ хөгшин минь” гэж хэлээд надад цай барив.

Шинийн 2-н боллоо. Сар шиний уур амьсгал нэг л биш. Үхрээ услаад ирж яваа аавыгаа харах нь ээ нэг л цог золбоогүй алхлана. Амдан тосож очоод “Хөл хорио хэзээ дуусахыг мэдэж байгаа хүн байна уу, цаагуур чинь” гэхэд “Худаг дээр лав мэдэж байгаа хүн алга” гэж сулхан хариуллаа. Үргэлжлүүлэн “Гэхдээ байна аа, шөнө дөлөөр төрөл садныхруугаа очиж золгосон гэнэ, цаадуул чинь. Цаг хэцүү болж дээ. Хоёр ах минь харж байгаа даа, бид хэдийг. Ядах нь ээ шинийн гурвандаа амжаад золгох юм сан” гэв.

Аавын хэлсэн үгс оройжин бодогдлоо... Зориг шулуудав. Маргааш өглөө нь гэрийнхэндээ ийн учирлав “Том авга ахынх руу золгуут хийнэ ээ хэдүүлээ. Сиймхий ашиглана. Хулгайн замаар явна” гэхэд бүгд дэмжицгээв. Ингээд оройхон гараад давхилаа.

Том авга ахынд баригдалгүй хүрээд очлоо. Золгуутаа ч хийлээ. Эхний даваагаа давсан би урам орж, нөгөөдүүлдээ “Бага авгынд хэдүүлээ очноо” гэж хэлээд бөөндөө гараад давхилаа. Ийн бага авгынд очиж, шинэлгээгээ хийгээд авлаа. Зорьсон ажлаа гүйцэлдүүлсэн бид хэд харьж явахад араас марк2 загварын автомашин дуут дохиогоо дуугаргаад давхиад ирэв. Аав “Одоо зогсохоос яахав хүү минь” гэлээ. Машинаас сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр бууж ирээд “Хөл хорионд айл хэсдэг ямар бүрэн эрхтэй хүн бэ та” гэж хэлээд бичиг баримт хураагаад авав. Уучлал хүсэж учир байдлаа тайлбарлахыг оролдсон ч тусыг эс олов. Хэсгийн төлөөлөгч “хүн хүч хүрэлцэхгүй байхад дэмждэггүй юмаа гэхэд битгий ажил хүндрүүлээд  бай л даа” гэв.

Уг нь би гэдэг хүн “ХӨЛ ХОРИО”-ны ач холбогдлыг ой тойндоо ортол мэдэх ёстой хүний нэг. Цагдаагийн албаны хэв журам хамгаалах албанд 5 жил ажиллаж явсан л даа. Дараа нь  Их сургуульд багш болсон юм. За тэр ч яахав. 

Цагдаа дээр очоод “Хөл хорио тогтооход хүндрэл учруулсанд уучллаарай. Энэ хариуцлагтай ажилд нь туслахад бэлэн” гэхэд цагдаа нар гайхаж хараад “дулаан хувцас өмсөөд хүрээд ир” гэв. Юу ч гэсэн аавынхаа хүслийг биелүүлчихсэн болохоор дотроо баяртай байлаа. Гэрийнхнээ хүргэж өгчихөөд ирэхэд сумын төвийн хамгийн ачаалалтай хэсэг колонкын гурван замын уулзварыг надад хариуцуулна гэнэ. Өөрсдөө Баянбулаг баг руу яаралтай ажлаар яваад өглөө. Бодвол над шиг нэг нөхөр хөл хорио зөрчөөд явж байсан байх.

Ингээд миний үүрэг эхэллээ. Хөл хөдөлгөөн ихсэх нөхцөл байдал ажиглагдав. Миний хувьд нутгаасаа гараад арваад жил болсон тул танихаасаа танихгүй нь их болсон байв. Эмнэлэгт үзүүлэхээс өөр шалгаантай яваа иргэдийг зогсоож шалгаад буцаана. Тэр байтугай сумын төвийн галч, эмч, хамтран ажиллаж буй захиргааны ажилтныг хүртэл саатуулан сумын хэсгийн төлөөлөгчийн зөвшөөрлөөр нэвтрүүлнэ гэдэг нэг хариулт өгч байв. Хэсгийн төлөөлөгч зорчих эрх бүхий тушаалтнуудыг утсаар холбогдож зөвшөөрөл өгч байлаа.

Ажил ид оволзож байхад багын найз залгаад “Найз нь ээжийн ахынд очих гэсэн гадуур хөл хорио чанга байна гэнэ. Гэрээс гарч чаддаггүй. Аймгаас хөл хорио тогтоохоор хүмүүс ирсэн гэнэ. Ямар ч яриа хэл авахгүй хууль, дүрэм, журмаар сүрдүүлсэн сүрхий нөхдүүд гэнэ дээ” гээд сүрхий бэргэсэн байдалтай ярив. Сүүлд сонсох нь ээ аймгаас ирсэн нөгөөх айхтар хууль сахиулагч нь би болж таарсан.

Сумын цагдаа нар “Хөл хориог тогтоон барихад таны нөлөө их байсан шүү” гээд бичиг баримтыг минь буцаагаад өгөхөд сайхан санагдсан даа.. Өөрөөрөө бахдах, баярлах, бахархах сэтгэл төрсөн ийм нэг цагаан сарын дурсамж санаанаас минь гардаггүй юм.

Б.АМАРТҮВШИН