Цаг үеийн мэдээ

Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж лам "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулан мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхэм та бүгдэд айлчлан ирж буй XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй жил монголчуудын хувьд онцлох үйл явдал ихтэй, авшиг ерөөлтэй сайхан жил болж өнгөрлөө. Урьдын таалал ерөөлийн хүчээр Монголын бурхны шашинтны тэргүүн оройн дээд Очирдарь X Богд Жавзандамба хутагт дээдэс монгол орондоо тодрон заларсан түүхэн баярт үйл явдал тохиосон юм. Х Богд гэгээн маань ном эрдэмд шамдан суралцахад сургааль зохиолыг үзүүлж буйд бид бүхэн сүсэглэн залбирч байна. Ирээдүйд монгол оронд бурхны шашиныг дэлгэрүүлэхэд залгамж болсон лам хуврагууд маань монгол болон энэтхэг оронд ном эрдэмд шамдан суралцаж байгаа бөгөөд гэвш, лхаарамба, гавжийн дамжааг амжилттай хамгаалж, Мяндат цол хүртсэн лам хуврагууд төрөн гарсан жил байв. Бурхан багшийн сургаальд бидний зүрх сэтгэл, зөв үг үйлдлээс ирээдүйд бидэнд аз жаргал ирдэг. Бидний муу сэтгэл зохисгүй үг үйлдлээс зовлон гардаг. Энэ нь ганц хувь хүн төдийгүй байгаль дэлхийд хүртэл нөлөөлдөг хэмээн айлдсан. Тийм учраас байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, нийгмийн сайн сайхны төлөө зөв сэтгэлтэй байж, үг үйлдэлдээ анхааран хичээх нь хэн нэгэн аливаа шашинд сүсэглэдэг, эс сүсэглэдгээс үл хамааран хүн бүрийн эрхэмлэх зүйл юм. Иймд гарч буй модон луу жилдээ бурхан багшийн энэхүү сургаалийг тунгаан, нийтээрээ бие хэл сэтгэлийн аз жаргал, амар амгаланг бий болгохын төлөө улам хичээцгээе. 

Миний бие энэхүү ажлыг хүлээн аваад монголын уламжлалт шашиныг хамгаалан дэлгэрүүлэх, лам хуврагуудын мэдлэг боловсрол ахуйн нөхцөл, орон хийдийн өнгө үзэмжийг дээшлүүлэх, сүсэгтэн олон номын адис жанрыг хүртэх, зорин ирсэн сүсэгтэн болон жуулчдад ая тухтай орчныг бүрдүүлэх зэрэгт лам хуврагууд бусад хүмүүсийн хамтаар онцгой анхааран ажиллаж байна. Мөн соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийд, шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтран “Буддизм ба шинжлэх ухаан” сэдэвт цуврал нэвтрүүлэг эхлүүлсэн нь “Бурхны шашин ба шинжлэх ухаан-шашин” хэмээн барууны эрдэмтэд онцлон хэлсэнтэй нийцэж байгаа бөгөөд энэ хүрээнд олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллахаар зорьж байна. Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдээс төлөөлж буй олон ажилд идэвхийлэн дэмжиж байдаг та бүхэнд чин сэтгэлийн талархал өргөе. Ингээд Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийг төлөөлөн айлчлан золгож буй модон луу жилдээ эрүүл энх аз жаргалаар дүүрэн байж санасан сайн бүхэн тань сэтгэлэчлэн бүтэхийн өлзий билэгт ерөөлийг өргөн, багш гурван эрдэнэ номын сахиусанд даатган залбиръя. 

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.