Цаг үеийн мэдээ

Буруу ярьж зөв ойлголцдог гэм биш зангаар аавынхаа тостой боовыг өрөөд, ээжийнхээ тарган өвчүүг чанаад, хадмынхаа бандгар ууцыг тавиад, хонины гараараа татсан махтай бууз хийж бие биеэ цочоогоод хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байна уу? Үнсэлцэн золгох зочдынхоо, айлын нөхрийн дотоож, хүний эхнэрийн хөхөвчний хэмжээ дамжааг яс нарийн мэдээд, бэлгийн дарамт үзүүлэх гээд бэлтгэл юмаа базаацгааж байна уу?

Монгол Монголоороо байхын ерөөл билэг болсон, үндэс өв соёлын эрхэм сайхан баяр Монголын цагаан сар эхэлж байна. Модон луу жил хүрхрэн түрхрэн айлчилж, Монгол түмэн сайны ерөөл өргөн, сар шинээ угтаж байна. Луу жилийн “Хилэнт эх” хэмээх ёгт нэрийг  “Ууртай ээж” гэж шууд утгаар нь ойлгож болохгүйг шарсан мах анддаггүй шар зурхайч анхааруулсныг энэ дашрамд дамжуулъя.   

Үдэн буй, үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилд өндөр албан тушаалтнуудын үзлийн өөдгүй баримт сэлтүүд, тооны машинд багтахааргүй том том хулгайнууд  үзэсгэлэнд тавигдаж, өргөн олноороо гэм зэмийг нь шүүн хэлэлцлээ 

Улс төр, нийгмийн үйл явдлын онцлох өнгө нь цавчаа ногоон байлаа. Туулай жилийн тунаж тодорсон үг нь юм юмны, ёоз ёозны том том хулгай байлаа. Сангуудын хулгайг илчлэхийн хэрээр сан тавьж, арц хүж уугиуллаа. Аливаа муу юм ерөнхийдөө сайн байдаг учир зүйн үүднээс сайн цаг айсуйн ерөөл боллоо. 

Ингээд туулай жилийн туршид бэлгтэн хүргэсэн шок шог мэдээнээс онцолсон  цоморлигоо хүргэе. 

1. Тунамал сайхан Богдыгоо Туулай жилдээ зална даа хэмээн дуулдаг байсанчлан үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилд бид Х Богдоо залсан. Төрийн гурван өндөрлөг гэдэг шиг Гэлүгбагийн шашны гурван тэргүүний нэг Богдоор монгол хүн тодорсон нь 3 дахь тохиолдол болж байна. Өөрөөр хэлбэл, 265 жилийн дараа монгол хүн Богд гэгээнээр тодорсон нь тусгаар Монгол улсын үндэсний эв нэгдэл, соёлын баталгаа болно гэж судлаачид үзэж байна.

2. Улс төрчид ард түмнийг цочоож, бие биенээ намнах, толгой тархинд бүү хэл тооны машинд багтахгүй том том тоонууд сүржин зарлагдаад даржин дуусч байна. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн нээлттэй сонсголоор гэрэл цохиж Хөгжлийн банкыг тоносон хэргээр 80 хүн 4 хуулийн этгээд чуулгын алтан тайзнаа 47 хоног гэм буруугаа дэнслүүлсэн бол 577 гэрчтэй нүүрсний хулгайн хэргийн шүүх хаана багтаж шингэх нь тодорхойгүй байна. 

Чоно цатгалан сүрэг бүтэн үлдэнэ гэгчээр Хөгжлийн банкны хэрэгт 80 гаруй хүн яллагдагчаар татагдсан ч МАН-ын гишүүн Ё.Баатарбилэг болон АН-ын Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нарыг ялласнаар Хөнжлийн банкны урлагын үзлэг дууссан. 

Нүүрсний хулгайн дэргэд Хөгжлийн банкны тонуул ердөө задгай мөнгөний хэрэг гэдгийг бид нийтээрээ харлаа. Хүрээний бузрыг уудалбал далай далай гэгчээр нүүрсний хулгайд нэр холбогдсон улс төрчдийн нэрсийг жагсаавал шог мэдээнд шингэхгүй их, Шиндлерийн бүртгэл шиг ярайж байна

Нүүрсний хулгайчид түрүүчээсээ гэм зэмээ хүлээсэн. Прокурорын зүгээс шүүгдэгч ХНХ-ын сайд гишүүн асан Т.Аюурсайхан, ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарт 13 жилийн хорих ял оноох санал гаргасан ч шүүх бүрэлдэхүүн Т.Аюурсайханд 3 жил, Б.Ганхуягт 5 жил 9 сарын ял оноолоо. 

40 их наядаас 440 их наяд болж босоод хэвтсэн тооны учгыг Хилэнт эх хэмээх ЛУУ жилд тайлна.  Авсан хүн нэг тамтай, алдсан төр 10 тамтай 

3. Авлига, албан тушаал хоёр бол ихэр ахан дүүс гэгчээр Шил ажиллагаагаар элдэв сангуудын булхай луйврууд, газрын наймааны эздүүд зарлагдлаа. Боловсролын зээлийн сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Жижиг дунд үйлвэрийг дэмжих сан гээд Засгийн газрын 21 тусгай сангийн мэдээлэл ил болов. Шүүр ажиллагаагаар Баба өвөө нарыг тэтгэвэрт нь суулгаж, Бадамжунай тэргүүтэй 12 хүнийг  шувуу зууж ирсэн, луу жилд үлдсэн 80 хүнийг Хууль зүйн сайд чөлөөт цагаараа шилжүүлэн авчирна 

 

4. Ногоон автобусны хуйлгай илчлэгдэж тендерийн булхайн утас хөвөрсөөр 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан. Ж.Сүхбаатар түгжрэлийн сайдын хоргой торгон дээлээ тайлж Б.Дэлгэрсайхан хайруулын тавган дээр суулаа   Хужирт хотын дарга бөхийж, Нянгар хаданд гарлаа. Бүтээж, сөнөөх давс мэт шийдвэрүүд ар араасаа цуварч  байна. 

5. МАН, МАН-тайгаа үзэлцэн, нүргэж байна. ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог нэмж 126 болголоо. Харин Ардчилсан нам Лу данстай болсон ч Атгаалжин дарга нарын жүжиг үргэлжилсээр байна 

6. Үзэсгэлэнт хэмээх туулай жил олон юм тасарч, он бүхлээрээ тасархай жил болж өнгөрлөө. Түлш шатахуун хэсэг тасарлаа, тог цахилгаан тасарлаа, архи уугаад олноороо тасарлаа, зам дээр зарим нь машинтайгаа тасарлаа, улс төрчид ч амьдралаас тасарлаа, уламжлалт зурхайд битүүний өдөр нь ч тасарлаа. 

Та бүхэн хотод олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй. Луу жилдээ юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе.