Цаг үеийн мэдээ

Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэдэг газар тус сумын харьяат хоёр малчин малаа хариулж яваад уулын цасны нуралд өртөж, цасанд дарагдсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 12-ны өдрийн 19:50 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн очиход малчин Х /29 настай, эрэгтэй/ цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэжээ. Харин түүнтэй цуг явсан малчин А /26 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвийн жижүүр эмч “Олдсон иргэний мөр мултралттай тул хагалгаа хийлгэхээр аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн” гэв. Тухайн үед эрэн хайх ажиллагаагаар олсон иргэнд анхны тусламж үзүүлэхээр очсон эмчээс тодрууллаа.

-Таныг анх дуудлагаар очиход нөхцөл байдал ямар байв. Тухайн олдсон иргэний биеийн байдал ямар байсан бэ?

-Анх дуудлагаар очиход маш их шуургатай,  бид 10-аад метр гүн цасыг хүрзээр ухаж байж очсон. Өөрөө тэр цасыг ухаж гарч ирсэн байна лээ. Гуя орчимдоо зөөлөн эдийн гэмтэлтэй, баруун эгэм хугарсан байдалтай байсан. 

-Аймгийн эмнэлэг рүү хэзээ шилжүүлсэн юм бэ?

-Тэр өдрийнхөө 18:20 цаг орчимд бид очсон. 22:00 цаг орчимд тэндээс хөдлөөд, өглөөний 06:30 цагт бид сумынхаа эмнэлэгт хүрсэн. Шаардлагатай эмчилгээ хийж, хугарсан гарт чиг тавиад өглөөний 09:00 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн. 

Цасан нурангид дарагдаж, эрэн хайх ажиллагаагаар олдсон иргэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Удахгүй түүнд хагалгаа хийх талаар эмнэлгийнхэн мэдээлсэн юм.

Одоогоор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн уулархаг хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдалтай байгаа юм. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Төгрөг нуурын орчим цасны нуранги үүсч, нурангид дарагдсан иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангиудаас бүлгүүд гарч үүрэг гүйцэтгэхэд нэмэгдэн оролцож буй.

Бид эрэн хайх ажиллагааны талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь мэдээлэх болно.

С.ОТГОНБАЯР