Цаг үеийн мэдээ

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлэл хийлээ. Тэрээр "Нийслэлийн Засаг даргаас НИТХ-д 2024 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Ирэх долоо хоногийн нэг дэх өдөр эхний хэлэлцүүлгийг хийх тов гарсан байгаа. Төсвийн тодотголоор юуг зорьж байгаа болон боловсролыг хүртээмжийн асуудалд ямар чиглэл барьж байгаа талаараа мэдээлэл хийе. Төсвийн тодотголыг хоёр чиглэлд хийнэ.

Нэгдүгээрт, нийслэл Улаанбаатар хотод метро барих Засгийн газрын шийдвэр гарсан.

Хоёрдугаарт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, барилга байгууламж, газар чөлөөлөлтийн ажлыг сайжруулах чиглэлд төсвийн тодотголд тусгасан.

Нийслэл хот дахь сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг сүүлийн хоёр жилд анхаарч, жил бүрийн төсөвт хөрөнгө оруулалтыг тусгаж ирсэн. Үр дүнд нь цэцэрлэгт 92.5 хувь хамрагдсан. ЕБС-ийн 2023-2024 оны хичээлийн жилд 380 мянган хүүхэд суралцаж байгаа. Нийт 309 ЕБС үйл ажиллагаа явуулж буй. Үүний 165 нь улсын сургууль. Үлдсэн 145 нь хувийн хэвшлийнх. Нийслэл хотын хүн амын тэлэлт, жил бүрийн статистикийг харахаар жилд 20 мянган хүүхэд ЕБС-д нэмэгдэн хамрагдаж байгаа. Тиймээс сургуулийн барилга байгууламж, орчин нөхцөлийг хүртээмжтэй байлгах чиглэлд жил бүр анхаарахаас өөр гарцгүй. Тиймээс энэ онд 47 арга хэмжээг авна. Барилга байгууламжийн өргөтгөл, засвар, шинээр байгуулах ажлыг тусгасан. Энэ ажилд нийт 122 тэрбум төгрөгийг тусгасан байсан. Төсвийн тодотголын онцлог нь шинэ суурьшлын бүс болох Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүрэг дэх орон сууцны хорооллуудын төлөвлөлт, газар зохион байгуулалтын алдаанаас болоод тухайн хотхонууддаа сургууль, цэцэрлэгийн хүртээмж багатайгаар байгуулагдсан байдаг. Энэ газруудад зориуд газар чөлөөлөлтийг хийж, үүн дээрээ шинэ сургууль цэцэрлэг баръя гэж тодотгол хийсэн. 11 сургууль, цэцэрлэгийг төсвийн тодотголдоо тусгаж, нийт 26.3 тэрбум төгрөгийг шинээр төсөвлөсөн. Тэгэхээр 2024 оноос нийслэл хотод сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал дээр 146 тэрбум төгрөгийг төсөвлөж байна.

Улсын харъя 29 дүгээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 21 аймаг, 9 дүүргээс ирж суралцдаг дотуур байр бий. Энэ сургууль 1989 оноос хойш доривтой капитал засвар хийгдээгүй. Хуучирсан, дулаан алдагдал ихтэй болсон. Засвар хийх шаардлагатай энэ сургуульд 4.5 тэрбум төгрөгийн капитал засвар хийнэ. 2024-2025 онд нийслэлийн сургууль цэцэрлэгийн төсвийг доривтой шийдэж өглөө.

Хотын төвийн сургуулиудын ачаалал их болсон. Тиймээс өргөтгөлүүдийг нь барьж байгаа. Мөн хотын захын сургуулиудын боловсролын чанарыг нь дээшлүүлнэ. Бидний судалгаагаар хотын төв рүү ирж суралцдаг хүүхдүүдийн 25 хувь нь харъяаллаасаа өөр газраас ирж байгаа. Энэ бас түгжрэлийн шалтгаан болж байна.