Цаг үеийн мэдээ

Улс болон олон улсын чанартай авто замуудын энэ сарын 16-ны буюу өнөөдрийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. 

13:00 цагийн байдлаар Баян-Өлгий, Архангай, Завхан аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал. Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар цас орж байгаа юм.

Бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж. Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд байгаа бөгөөд авто зам хариуцагч байгууллагууд дараах ажлууд хийж байна. Үүнд:

А0306 дугаартай Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн авто замд хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, авто замын зорчих хэсэгт цас ихээр хунгарлагдаж, тээврийн хэрэгслүүд даваагаар давахад хүндрэлтэй байна.

Тус замын Зээгтийн даваанд саатсан тээврийн хэрэгслүүдийг гаргаж авто замд хунгарласан цасыг "Жол" ХХК-ийн шуурхай ажлын хэсэг Авто ачигч-2 бүрэлдэхүүнтэй уртасгасан цагаар цас цэвэрлэж байгаа аж. 

А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замын дагуу Бага улаан даваанд хүчтэй цасан шуургатай. Зам хариуцагч "Ховд АЗЗА" ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг ажиллаж байна.

А1701 дугаартай Улаангом-Ховд, А1702 дугаартай Улаангом-Хандгайт, А07 дугаартай Өлгий-Ачит нуур-Байрамын даваа-Түргэн-Улаангом чиглэлд цас орж байгаа учраас "Увс АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсгүүд цас цэвэрлэж байгаа ажээ. 

Мөн А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто зам дагуу хүчтэй цасан шуургатай байгаа талаар “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээллээ. 

Иймд тус чиглэлүүд рүү зорчихгүй байхыг анхааруулав.