Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн шөнө Мандалговь-Даланзадгад чиглэлд зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүний амь нас хохирсон тохиолдол дахин гарлаа. Хэргийн талаар ЦЕГ-аас тодруулав. Тухайн зам тээврийн осол өчигдөр оройны 20:30 минутын үед Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрийн хатуу хучилттай авто зам дээр болжээ.

Toyota fielder загварын автомашин Hyundai маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас 37-60 насны дөрвөн хүн нас барсан. Нэг хүн гэмтсэн. Хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Урьдчилсан байдлаар осол урсгал сөрснөөс болсон гэнэ. 

Орон нутгийн замд гэрлээ шилжүүлэх, гүйцэд түрүүлэх үйлдлийг хийхгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна. Замын үзэгдэх орчин хязгаарлагдмал учир хурдаа тохируулахыг уриалж байна. Замын нөхцөл байдал хүнд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр цас мөс хунгарлаж халтиргаа гулгаа нэмэгдэн зорчих хэсэг улам аюултай нөхцөл байдалд ороод буй.