Цаг үеийн мэдээ

ОХУ-ын хамгийн алдартай сөрөг хүчний тэмцэгч, Ерөнхийлөгч Владимир Путиныг хүчтэй эсэргүүцэгч Алексей Навальный баасан гарагт хоригдож байсан шорондоо нас барсан тухай мэдээлсэн билээ. Навальныйн гэр бүл болон түүнийг дэмжигчид, өрнөдийн орнууд түүний үхэлд Оросын Засгийн газрыг буруутгасаар байна.  Тэрээр өнгөрсөн гурван жилийг шоронд өнгөрөөсөн ба хамгийн сүүлд Харп хот дахь чанга дэглэмтэй “Туйлын чоно” нэртэй хорих газарт байсан юм. 

Навальныйн ээж болон өмгөөлөгч нь цогцсыг нь хүлээж авахаар Москвагаас 1,900 км-т байрладаг хорих газарт очсон боловч шүүхийн шинжилгээний хариу бүрэн гарах хүртэл цогцсыг нь хүлээлгэж өгөхгүй гэжээ. Шоронгийн захиргаанаас Навальный гэнэт ухаан алдаж нас барсныг хэлсэн байна.

Навальныйн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр Оросын олон арван хот болон дэлхийн олон улсад дэмжигчид нь цуглажээ. Оросын 30 гаруй хотод Навальныйн 300 гаруй дэмжигчийг цагдаа нар баривчлан саатуулсан тухай хүний эрхийн байгууллага мэдээлэв. Навальныйн үхэлд хамгийн их буруутгагдаж байгаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Кремлийн зүгээс ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.