Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн Газраас цаг агаарын нэн хүнд нөхцөлд байгаа малчдад үнэ төлбөргүй өвс, тэжээл олгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан улсын нөөцөд байгаа 6.000 тонн өвс тэжээл, орон нутгийн нөөцөд байгаа 20.000 тонн өвс тэжээлийг цагийн байдал нэн хүнд байгаа сум, багийн малчдад шууд хүргэх ажил эхэллээ. 

Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Хөвсгөл, Булган, Архангай, Хөвсгөл аймагт цасан шуурга болж салхины хурд 24-38 м.сек хурдтай болно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэл гарсан. Тиймээс Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан баруун аймгуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Говь-Алтай аймгийн Онцгой комисс хуралдаж байна. Тус аймгийн Онцгой комиссын хуралд сумдын удирдлагууд цахимаар оролцож цаг үеийн болоод орон нутгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. 

Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Дэлгэр, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумдын үнэлгээ “Маш их эрсдэлтэй” гэж гарчээ.

Улсын хэмжээнд нийт газар нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Хаврын нөхцөл байдал хүнд байгаа учраас Засгийн Газраас улсын хэмжээнд 02-р сарын 14-нөөс 05 дугаар сарын 15-нийг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.  

Улсын хэмжээнд 6 аймгийн 23 суманд төмөр буюу шилэн зудын , 17 аймгийн 88 суманд цагаан зудын, 17 аймгийн 79 сум цагаан зудын нөхцөл байдалтай байна. 

Засгийн газар хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор 3 үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд: 

Нэгдүгээрт: Улсын болоод орон нутгийн нөөцөд байгаа өвс тэжээлийг нэн хүнд байгаа сум, багт хүргэх. 

Хоёрдугаарт: 14-21 дараа нийт малчдад хүчит тэжээл, буудай, тэжээлийн буудай хүргэх. 

Гуравдугаарт: Дараагийн шатны арга хэмжээг 3, 4-р сард хэрэгжүүлж, малчдад гурил будаа, хүнс хүргэнэ. 

Мөн үүнээс гадна Засгийн газраас гурил, тэжээл зэрэг импортын зарим барааны татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.