Цаг үеийн мэдээ

Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамбаас тодрууллаа.

-Мэргэжлийн бокст хүч үзэж буй Э.Цэндбаатар олимпын эрх олгох тэмцээнд оролцуулж өгөхийг хүсэн, уучлал гуйсан байсан. Тэрхүү хүсэлтийг нь та харсан уу. Ямар байр суурьтай байна вэ?

-Цэндээ маань уучлал гуйгаад урьд нь ийм ийм алдаа гаргаж байсан, түүнийгээ ухаарсан гэсэн байна лээ. Мэргэжлийн бокст 15 тулаанаас доош тоглосон тамирчин олимп, дэлхийн аваргад орох эрх байдаг. Үүнийг би ганцаараа шийдэхгүй. Удирдах зөвлөлийг хуралдуулж, Цэндээгийн тавьсан хүсэлтийг танилцуулж, хурлаар шийднэ. 

-Одоогоор Э.Цэндбаатарын жинд оролцохоор бэлтгэгдэж буй тамирчид бий юу. Хэдэн тамирчин байгаа вэ?

-Байлгүй яахав. Одоо медаль авсан 4 тамирчин дөрвүүлээ байгаа шүү дээ. Дөрвүүлээ сайн 63.5 кг-тай. Б.Чинзориг маань гэмтэлтэй байгаа. Допинг хэрэглэсэн гэх асуудлаар арбитрын шүүхэд хандчихсан байгаа. 

-Тэдгээр дөрвөн тамирчин ямар ямар амжилт гаргаад байгаа вэ?

-Сая манай тамирчид европоор яваад ирсэн. Тулга, Төгөлдөр хоёр хамгийн сайн нь. Тэгээд Буяндалай бий. Эдгээр хүүхдүүд олимпын эрхийн сорил тэмцээнд оролцох хүүхдүүд. Үүн дээр Чинзо орж ирвэл таван хүүхэд олимпын эрхийн тэмцээнд оролцоно. Эдгээр таван хүүхэдтэй Э.Цэндбаатар өрсөлдөнө гэсэн үг. 

-Э.Цэндбаатарын хувьд олимпод оролцох магадлал хэр өндөр гэж та бодож байна вэ?

-Өөрөө хичээвэл Э.Цэндбаатар бол сайн тамирчин. Хамгийн гол нь маш сайн сахилга баттай байх ёстой. Хааяа манай хүн өөрөө сахилга бат алдчихаад байдаг. Олимпод оролцоод медаль авах бүрэн боломжтой.  

-Б.Чинзориг олимпод оролцох уу?

-Чинзог мэдэхгүй байна. Шүүх хурлаас гарах шийдвэр л мэднэ шүү дээ. Дараагийн шүүх хурал нь товлогдчихвол тодорхой болох байх.  

-Олимпын эрх олгох тэмцээнүүд хэзээ эхлэх вэ?

-Тавдугаар сарын 24-нөөс олимпын эрх олгох тэмцээнүүд эхэлнэ. Олимпын эрхээ аваагүй бүх улсын тамирчид оролцоно гэсэн үг. 

-Манай улсаас нийт хэдэн тамирчин оролцох вэ?

-Манайхаас эрэгтэй, эмэгтэй нийт арав гаруй тамирчид оролцоно. 

-Тэрхүү тэмцээнээс өмнө Э.Цэндбаатарын хүсэлтийг харгалзаж шийдвэрлэх боломжтой болов уу?

-Боломжтой. Удирдах зөвлөлөө хуралдуулж, Цэндээгийнхээ хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрлээд хариуг нь хэлнэ.

Удирдах зөвлөлийн хурлын тов тогтоогдсон уу?

-Энэ сарын сүүлээр хуралдана. 

-Э.Цэндбаатарын жинд өрсөлдөх 4 тамирчин байгаа юм байна. Олимпод явуулах тамирчдаа тэгэхээр хэрхэн сонгох вэ?

-Спаррингаар явуулна. Урьд нь Улсын аваргад түрүүлсэн тамирчин бүх тэмцээнд нэгээр явдаг байсан бол одоо тэр тамирчин тэмцээнд очоод муу тоглоод, ажиллагаа муу байвал дараагийн тамирчинг явуулна. Ер нь хамгийн сайныг нь л явуулна. 

-Тэгэхээр эрх олгох тэмцээнд Э.Цэндбаатарыг оролцуулах эсэх шийдвэрийг гаргахаар удирдах зөвлөл хуралдах нь ээ?

-Цэндбаатарт боломж олгох уу гэж хэлэлцэнэ. Ганц нэг дүйц дээр ямар хүүхдийг явуулах уу ярилцана. Ганцхан Цэндбаатарын асуудлаар удирдах зөвлөл хуралдаагүй. 

-Олимпод оролцох тамирчдын бэлтгэл хэр явагдаж байгаа вэ. Европт болсон олимпын эрхийн оноо авах нэг тэмцээнд тамирчид оролцож чадаагүй, үзэгчдийн суудлаас үзсэн тухай мэдээлэл яваад байсан?

-Түүнийг тайлбарыг би өгөхгүй. 

С.ОТГОН