Цаг үеийн мэдээ

“Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэгээс тодрууллаа.

-Улаанбуудай үнэтэй, чанаргүй байгаа учраас импортын гурил оруулж ирнэ. Гурилын үнэ нэмнэ гэх зэрэг зүйлүүд ярьж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Сүүлийн 4 жилд галзуурчихлаа. 500 төгрөгөөр 1 кг улаанбуудай авчихаад, 1 кг гурилаа 3500 төгрөгөөр зарж байна шүү дээ. Тэгэхээр 6-7 дахин өсгөж байна.

600-700 хувийн ашигтай бизнес гэж дэлхий дээр байдаг юмуу. Энэ хэдэн улсууд сүүлийн 4 жилд нүдэн дээр галзуурсан.

Тэгээд яаж байна гэхээр эд нар чинь үйлдвэрлэлээ багасгачихна. Үйлдвэрлэл багасахаар хомсдол бий болно. Хомсдол үүсэнгүүт бага зардлаар их мөнгө олоод байгаа юм. Үйлдвэрлэл багасахаар зах зээл дээр хомсдол үүсээд, дэлгүүрийн үнэ өснө. Бид орос, хятадаас оруулж ирж чадахгүй. Хүчээр идэж байгаа юм. Өнөөдөр бид АНУ, Канад, Францаас 3 дахин үнэтэй гурил идэж байна. Энэ арай дэндлээ. Миний хэлээд байгаа зүйл монголд мафи бий болчихжээ. Шатахууны тавхан компани мафи байгаа биз дээ. Нэг л үнээр зардаг. Гурилын таван компани бүгд нэг л үнээр бараагаа зардаг. Үүнийг би ярьсаар байгаа. Засгийн газар арга хэмжээ авахаар ажиллаж байна. Жаахан оройтлоо. Монголчууд Цагаан сарын үеэр хамгийн их гурил иддэг. Цагаан сараас өмнө үүнийг хийх ёстой байсан юм. Он гарахад оросоос гурил оруулаад ирсэн бол энэ олон хүний мөнгө хэмнэгдэх байсан юм. Тэр таван гэр бүлийн халаас руу тэр мөнгө орохгүй байсан. Тэгэхэд тариаланч бид тэдэнтэй хамт баяжаад байгаа бол хамаагүй. Бид ч гэсэн буудайныхаа үнийг өсгөөд 1000, 2000, 3000 төгрөгөөр зараад байвал хамаа алга. Бид тэр доороо үлдчихсэн. 500 төгрөгөөр зараад хэвтэж байдаг. Эд нар гурилаа 3500 төгрөг болгочихлоо. Бид үүнийг л хэлээд байгаа. Энэ нийгэм чинь шударга байх ёстой. Инфляц гээд мөнгөний ханш унаад байна.

Үүний 15-20 хувь нь гурилтай холбоотой. Зөвхөн гурил биш. Дагаад нарийн боов, талх, гоймон, хүүхдийн каш гээд өчнөөн олон юмны үнэ хөөрөгдөж байгаа биз дээ. 

-Нөгөө талаас импортын гурил ороод ирвэл буудайны үнэ унана, дотоодын гурил зарагдахгүй гэх зүйл яригдаж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хэзээ ч тийм зүйл болохгүй. Өөрсдөө балраад ирэхээрээ бидний нэрийг бариад “Хүүе, юу ярьж байгаа юм. Бид нэг зоосны хоёр тал. Гурилны үнэ унавал буудайны үнэ давхар унана” гэж ярьдаг.

Бид тэхдээ тэргүй сүүлийн 4 жил 500 төгрөгөөр өгчихсөн юм чинь унахгүй. Бид яахаараа унадаг юм. Тийм байгаа биз дээ. 500-гаад мянган тн улаанбуудайг сүүлийн 4 жилд 6-7 нугалсан гэхээр маш том тоо гарна. Үүнийг цагдаагийнхан шалгах ёстой. Энэ бол асар том мафийн мөнгө угаасан асуудал. Ард түмний халааснаас хулгайлсан, дээрэмдсэн асуудал шүү дээ. 

-Эргээд та бүхнээс буудайг чинь авахгүй гэх мэт дарамт шахалт ирдэг үү?

-Бид зөвхөн энэ таван компанид л буудайгаа өгөх ёстой. Сонин байгаа биз дээ. Бид өөрсдөө машинаар аваачаад өгнө. Тэд чинь хувийн лаборанттай. Энэ нь муу байна. Тэр нь муу байна гэж байгаад хамгийн хямд үнээр авдаг. Тэгтэл ард түмэн гэртээ гурил аваад, бууз хийж идэхдээ гурил нь салаад уначихлаа. Үүнийгээ буцааж ав гэдэггүй биз дээ. Ийм муухай давуу хэдхэн гэр бүлийг монопол болгосон. Энэ уг нь маш эмзэг сэдэв. Нэг талд нь ард түмэн байна. Нэг талд нь газар тариалан байгаа. Нэг талд гурил үйлдвэрлэгчид. Үүнийг төр зохицуулах ёстой. 

С.ОТГОН