Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Байнгын хороодын дарга нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2024.04.02) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалт байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Газрын тухай хуультай тус тус зөрчилдөж байна. Иймд зөрчилтэй заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газраас ирүүлсэн саналд газар ашиглахтай холбоотой тухайлсан харилцааг Газрын тухай хуулиар зохицуулсан тул Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгохыг дэмжсэн байна. 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т Улсын Их Хурлын бүрэн эрхэд “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах”, 18 дугаар зүйлийн 18.1.6-д Засгийн газрын бүрэн эрхэд “энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох”, 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заажээ.

Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр дамжуулан саналаа илэрхийлсээр байгаа бөгөөд иргэн Н.Номун-Эрдэнээс “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” агуулгатай нийтийн өргөдлийг гаргасныг 100,167 иргэн дэмжиж саналаа өгөөд байгаа юм.