Цаг үеийн мэдээ

Зам тээврийн дэд сайд Л.Халтараас тодрууллаа.

-Улаанбаатар-Дархан чиглэлийн замд эвдрэл гарсан байна. Ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Өглөө тэр мэдээллийг авсан. Улаанбаатараас 80-81 км-ын хооронд яг ус зайлуулах хоолойн дээр эвдрэл гарчээ. Хоолойны нэг шанааг шар усны үер орж угаасан. Нэг талаас Зам тээвэр, хөгжлийн яамтай гэрээ байгуулчихсан хамтран ажиллагч зөвлөх компани бий. Зөвлөх компанийн ажил юу вэ гэхээр гүйцэтгэгчийн ажилд бүрэн хяналт тавина. Зөвлөх компани гүйцэтгэгчийн хийсэн ажлыг боллоо гэж үзвэл рекүэст бичээд мөнгөө авдаг. Нөгөө талаас зөвлөх компани захиалагчийн эрх ашгийг бүрэн хариуцаж ажиллах буюу Зам тээвэр, хөгжлийн яамны эрх ашгийг хамгаалж ажиллана гэсэн үг. Өглөө гүйцэтгэгч компанийн төлөөлөл, зөвлөх компанийн төлөөлөл, манай төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн бүгд газар дээр нь очсон байна. Надад зураг явуулж тайлбарлахдаа хажууд талын шанааг шар усны үер их угаасан байна гэж хэлсэн. Би үдээс хойш газар дээр нь очих гэж байна. Урьдчилсан байдлаар харахад нийтлэг ямар алдаа байна гэдгийг би харах гэж байгаа. Ер нь манайхныг харж байхад гүүрний хоёр тал юмуу, эсвэл ус зайлуулах хоолойны хоёр тал суулт өгөөд байдаг. Гүүрний хоёр тал, хоолойг хийхдээ технологийн алдаа гаргаад байна. Тэр алдаа нь нягтаршуулалт муу байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл хамгийн бага хувь нь 95 буюу түүнээс дээш хувиар нягтаршуулалттай байх ёстойг богино зай үлдчингүүт түүнийг дүүргэх гээд нягтаршуулалт багатай дүүргэлт хийдэг. Ингээд хуччихаар суулт өгчихдөг. Түүнийг одоо би шууд дүгнээд хэлэхэд хэцүү. Гэхдээ газар дээр нь очихоор бүх юм тодорхой болно. Дарханы зам дээр нэг зүйл байгаа шүү дээ. Улсын комисс хүлээж аваагүй байхад эвдрэл гэмтэл үүсвэл түүнийг гүйцэтгэгч компани 100 хувь өөрийн хөрөнгөөр засварлана. Нөгөө талаар Улсын комисс хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд ашиглалтын буруугаар биш замын гэмтэл үүсвэл технологийн алдаа гэж үзээд бас баталгаат хугацаандаа гүйцэтгэгч бүрэн хариуцна. Өнөөдрийн хагарал үүссэн газрыг гүйцэтгэгч компани 100 хувь өөрсдөө хариуцна. Оччихсон ажил эхэлж байна гэж надад мэдэгдсэн. Одоо Засгийн хурал дуусч байгаа учраас би ажил дээгүүрээ орчихоод шууд тэр рүү очно. Хэрвээ гүйцэтгэгч компани асуудалгүй бол зөвлөх компанид би шууд хариуцлагыг хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл та нар болчихжээ гээд хучилт хийсэн зам чинь ийм болчихжээ гээд хэлнэ. Ийм зүйл ярих учраас эвсэл байхгүй гэдгийг ойлгож болно. Тиймээс дахин засвар, нэмж мөнгө хөрөнгө яам, засгаас гарахгүй. Энэ бол гүйцэтгэгч, зөвлөх компанийн бүрэн хариуцах ажил. 

-Замаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж байгаа вэ?

-Өглөө замын цагдаагийнхан очсон. Аюулгүй байдлыг хангах үүднээс тэмдэг тэмдэглэгээнүүдийг тавьсан. Тойруулаад хөдөлгөөнийг хэвийн горимд оруулаад явж байна. Надад өгсөн мэдээллээр яг тэр хэсгийг нь задлаад зөвлөх компани болон Зам тээврийн хөгжлийн төвийнхөн далангийн шорооноос нягтаршилтын дээж авч үзнэ. Нягтаршилт ямар хэмжээнд байсан байна гэдэгт нэгдүгээрт дүгнэлт хийнэ. Хэрвээ түүн дээр алдаа гарсан бол бид бусад газар туршилтууд хийж үзнэ. Ингээд гүйцэтгэгч компанид ч хариуцлага тооцно. Гүйцэтгэгчийг хянаж ажиллаж байгаа зөвлөх компанид ч хариуцлага тооцно.

С.ОТГОН