Цаг үеийн мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин, тус банкны Бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Өнөржаргал, Эрчим хүч хариуцсан мэргэжилтэн Д.Бямбатуяа нарыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар хил хамгаалах байгууллагын алслагдсан бүс нутагт алба хааж байгаа албан хаагчдын амьдрах орчин нөхцлийг сайжруулах, хилийн салбаруудын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал солилцов. 

Дэд сайд Б.Солонгоо алслагдсан бүс нутагт алба хааж буй албан хаагчдын амьдрах орчин нөхцлийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний тогтвортой хангамжийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй Хөдөөгийн сэргэлт, Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлтийн бодлоготой нийцэж байгааг тодотгож, Азийн хөгжлийн банкнаас энэ чиглэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй уялдуулан уг асуудлыг шийдвэрлэх талаар санал гаргав. 

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хилийн боомт, сэргээгдэх эрчим хүчний салбар нь Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой гэдгийг дурдаад алслагдсан бүс нутагт сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ.