Цаг үеийн мэдээ

Гадаадын иргэнд газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлж, ашиглуулах зохицуулалт бүхий зөрчилтэй, хэрэгждэггүй заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах өөрчлөлт бүхий хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Засгийн газраас 2013 онд өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд уг заалт байгаагүй бөгөөд тухайн үед УИХ-ын гишүүн Д.Зоригтын ахалсан ажлын хэсгээс хөрөнгө оруулалтын дэмжлэг нэршлээр багцлан оруулж ирж батлуулж байжээ. Гэвч Үндсэн хуультай зөрчилдөж байгаа тул Газрын тухай хуульд уг санал тусгалгүй буцаасан тул өнөөг хүртэл хэрэгжээгүй болохыг УИХ-ын Тамгын газраас гаргасан холбогдох лавлагаанд дурдсан гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгов. Мөн гадаадын иргэн, аж ахуй нэгжид газар ашиглахтай холбоотой тухайлсан харилцааг Газрын тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчин чухал тул зөрчилтэй заалтыг хасах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа УИХ-ын гишүүд илэрхийлж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах саналыг гаргажээ. 

2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т Улсын Их Хурлын бүрэн эрхэд “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах” гэж зааж өгсөн. Харин 18 дугаар зүйлийн 18.1.6-д Засгийн газрын бүрэн эрхэд “энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох”, 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заасан байдаг аж.