Цаг үеийн мэдээ

БНСУ-ын санал өгөх эрхтэй 44 сая иргэн өнөөдөр Парламентын гишүүдийг сонгох санал хураалтад оролцож байна. Улс даяар 15,000 орчим санал хураах байр өглөөний 06:00 цагаас 18:00 цаг хүртэл 12 цагийн турш ажиллана. 

Энэ удаагийн сонгуулиар Өмнөд Солонгосын иргэд Парламентын 300 гишүүнийг сонгоно. Өмнөд Солонгос улсад 2020 онд баталсан Сонгуулийн хуулиар Парламентын 254 гишүүнийг иргэдийн саналаар, үлдсэн 46 гишүүнийг хувь тэнцүүлэн сонгох юм. 

Нөгөөтээгүүр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёлын хувьд иргэдэд амласан мөрийн хөтөлбөрөө цааш хэрэгжүүлж, саналаа Парламентаар батлуулж чадах эсэхийг шийдвэрлэх чухал сонгууль болж байна. Парламентын танхимд Ерөнхийлөгчийн “Ардын эрх” нам бус, харин сөрөг хүчин Ардчилсан нам олонхын суудал эзэлж байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх үлдсэн гурван жилийн хугацаанд хууль тогтоогчдод хэрхэн дэмжигдэх нь энэ удаагийн сонгуулиар шийдэгдэнэ. 

Эмч, багш нарын жагсаал, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, авлига хээл хахууль зэрэг асуудлуудаас болж Юн Сук Ёлын нэр хүнд сул хэвээр байгаа юм. Зарим судалгаагаар Ардчилсан нам шинэ Парламентад дахин олонхын суудал эзлээд барахгүй өмнөхөөсөө ч олуулаа болж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлжээ.