Цаг үеийн мэдээ

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида эдгээр өдрүүдэд АНУ-д төрийн айлчлал хийж байна. Кишидагийн төрийн айлчлалын хүрээнд хоёр улс батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, технологи, сансар судлал, хиймэл оюун, цөмийн салбарт хамтын ажиллагаагаа цоо шинэ түвшинд ахиулах гэрээ хэлцлүүдийг байгууллаа.

Япон, Америк улсууд батлан хамгаалахын салбарт л гэхэд хамтын ажиллагааны 70 орчим гэрээ хэлцэл байгуулсныг дотор хамгийн их сонирхол татаж байгаа нь хоёр улс хамтарсан цэргийн командлалын бүтэц буюу эвсэл байгуулах зөвшилцөлд хүрсэн байна. Энэ нь бүс нутаг дахь Хятадын түрэмгийлэл нөлөөний эсрэг АНУ-тай хамтарч буй явдал юм. Мөн хоёр улс Австрали улстай хамтран агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэхээр санал нэгдлээ. 

Тэд Умард Солонгос, Тайвань-Хятадын нөхцөл байдал, Украин, Газын дайны талаар санал солилцож олон улсын хууль дүрмийг дагаж мөрдөхийг дэлхийн нийтэд хандан уриаллаа. Ерөнхий сайд Кишида өнөөдөр Оросын Украин руу халдан түрэмгийлсэн явдал маргааш зүүн Азид ч болж магадгүй гэдгийг сэрэмжлүүлжээ. 

Саран дээр хөл тавьсан анхны хүн АНУ-ын иргэн байсан бол дараагийн улс нь Япон байх болно гэдгийг Жо Байден мэдэгдсэн байна.  Америкийн сансар судлалын станц НАСА-ын ирэх жилүүдэд хэрэгжүүлэх саран дээр хүн буулгах Артемис хөтөлбөрт Японы сансрын нисгэгч хамтрах аж. 

Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзо 2015 онд Цагаан ордонд төрийн айлчлал хийснээс хойш анх удаа тус улсын Засгийн газрын тэргүүн Фүмио Кишида төрийн айлчлал хийж байгаа юм. Мөн тэрээр Жо Байденыг Ерөнхийлөгч болсноос хойш төрийн айлчлал хийж байгаа дэлхийн тав дахь орны удирдагч болж байна. 

Өнөөдөр Фүмио Кишидагийн айлчлал Ерөнхийлөгч Жо Байден болон Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор нарын гурван талт уулзалтаар үргэлжилнэ. Сүүлийн үед хурцадмал маргаантай байгаа Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн түрэмгийллийн эсрэг анх удаа гурван улс гурван талт дээд хэмжээний уулзалтыг хийхээр болсон юм.