Цаг үеийн мэдээ

Эхнэрээ хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад байгаа Казакстан улсын эдийн засгийн сайд асны өнгөрсөн сард эхэлсэн шүүх хурал үргэлжилж байна. Казакстан улсын Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан 43 настай Куандык Бишимбаев гэгч 31 настай эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн жилийн 11 сард гарчээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон хэргийг сануулахад сайд асан Куандык Бишимбаев эхнэр Салтанат Нукеновагийн хамт Астана дахь тансаг зэрэглэлийн VIP зоогийн газраар үйлчлүүлж байжээ. Энэ үеэр Нукенова харилцаанаасаа залхаж, нөхрөөсөө салах хүсэлтэй гэдгээ хэлснээр маргаан эхэлсэн байна. 

Тэд маргалдаж Нукенова угаалгын өрөөнд орж хаалгаа дотроосоо түгжжээ. Нэлээд хэдэн цагийн дараа үүр цайх үеэр Бишимбаев угаалгын өрөөний хаалгыг эвдэн орж, амь насыг нь хороосон гэж хэвлэлүүдэд бичжээ. Уг гэмт хэрэг нь хардалтаас үүдэлтэй байж болзошгүй нь нийгмийг ихээхэн цочирдуулаад байгаа юм.

Бишимбаев нь өмнө нь авлигын гэмт хэргээр яллагдаж 2018 онд 10 жилийн хорих ял сонссон боловч жилийн дараа өршөөлөөр суллагдсан байна. Учир нь түүнийг Казакстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын ойрын хүрээллийн эрхэм байсан гэжээ. Энэ удаад түүнийг гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 15 жилийн хорих ял сонсох юм байна. НҮБ-ын судалгаагаар Казакстан улсад жилд 400 орчим эмэгтэй бусдын гарт амь насаа алддаг гэжээ.