Дархан-Уул аймагт гарсан төмөр замын гармын ослын талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.
-Дархан-Уул аймагт гарсан төмөр замын гарам дээр болсон ослын талаар мэдээлэл өгөөч?
-2024 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Шарын-3 гэдэг гарам дээр Субару маркын автомашин вагонтой мөргөлдсөн ослын дуудлага 21:30 цагт Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт ирсэн. Тус аймгийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэгийг 22:00 цагт эхлүүлж хийсэн. Тухайн ослын улмаас хүний амь нас хохироогүй. Машинд 4 иргэн сууж явсан. Урд сууж явсан 2 иргэн нь эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлж байна. Сэхээн амьдруулах тасагт байгаа гэсэн. Ард сууж явсан 2 иргэн гадуур эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
-Ард сууж явсан 2 нь хүүхэд байсан гэж үнэн үү?
-12, 13 настай хоёр хүүхэд байсан.
-Ослоос үүдэн төмөр замд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүссэн үү?
-Би өөрөө хэргийн зургийг харсан. Мэдээллийг авсан. Одоогоор хэрэг нь Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгагдаж байгаа.
-Нэг гэр бүлийн хүмүүс байсан юм уу?
-Тийм.
С.ОТГОНБАЯР