Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 8, аврах ажиллагааны 1 дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллалаа. Сүүлийн өдрүүдэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаасан дуудлага нэмэгдэж байна. Тухайлбал өчигдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Хар чулуутын ам шар өвс шатаж байна гэх дуудлага 15:25 цагт ирсэн. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3 га газар шар өвс шатаж байсныг бүрэн унтрааж ажиллалаа.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж, ой, хээрийн түймрийн эрсдэл дагуулж байна.

Иймд ногоон бүс, зуслангийн чиглэлд амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж 

 - Үнс нурмыг битүү тагтай саванд хийх

 - Ой, хээрт явахдаа тамхи, чүдэнз, асаагуур, оч, нурмыг ил задгай хаяхгүй байх

 - Гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах

-  Түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх

- Асаасан гал, үнс нурам, тамхины ишийг бүрэн унтраахыг  нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.