Цаг үеийн мэдээ

2024 оны 1 дүгээр улиралд улсын хэмжээнд 690.104 зөрчлийн хэрэг гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.2 хувиар буурчээ.

Нийт зөрчлийн хэргийн 599.149 буюу 86.8 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, 29.065 буюу 4.2 хувь нь Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 16.187 буюу 2.3 хувь нь Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил байна.

Үүнээс зонхилон үйлдэгддэг зарим төрлийн зөрчлийн хэргийн гаралт буурчээ. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолооны эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил 48.4 хувиар буюу 4157-оор буурсан бол Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 14.5 хувиар, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 9.6 хувиар тус тус буурсан байна.

Харин Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 8.3 хувиар, Хүний биед халдах зөрчил 19.3 хувиар, Хуурамч дуудлага мэдээлэл өгөх зөрчил 50 хувиар тус тус өсжээ.

Прокуророос зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрүүдийг хянаад, гомдол, мэдээллийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан 600 шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан 156 шийдвэрийг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн, зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудад 47 шаардлага хүргүүлж, 101 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.