Цаг үеийн мэдээ

БЗД-ийн 147 дугаар сургуулийн хүүхдүүд нулимс асгаруулагч хийнд хордон ЭХЭМҮТ-д хүргэгдсэн. ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирсэн БЗД-ийн 147 дугаар сургуулийн сурагч Н-тэй ярилцлаа:

-Тухайн үед юу болсон бэ?

-Хичээлээ хийгээд сууж байсан. Манай анги яг цонхолж таарсан. Би чихэвч зүүчихсэн дуу сонсоод хичээлээ хийж байсан л даа. Гэнэт манай найз нуруу руу цохиж дуудаад “Сургуулиар бөөн юм болоод байна. Гаръя” гэсэн. Манай найз нэлээд ханиагаад, урд гараад явсан. Би юу болсныг ойлгохгүй араас нь дагаад гарсан чинь сургуулийн коридор тэр чигтээ утаа шиг сааралтчихсан байсан. Гайхаад л сургуулиас тэр даруй гадагшаа гарсан. Тэгээд гадаа гартал хүүхдүүд “8 билүү 9 дүгээр ангийн хүүхдүүд тоглож байгаад нулимс асгаруулагч хий цацсан гэнээ” гээд яриад байсан. Сүүлд нь дахиад нулимс асгаруулагч хийтэй хамт хоолой боодог хий цацсан гээд тиймэрхүү зүйл ярьсан. 

-Одоо биеийн байдал нь ямар байна вэ?

-Манай найз маш их ханиалгаад гарсан. Бие нь нэлээд муудаад одоо аппараттай эмнэлэг дотор байгаа. 

-Найз нь ухаан алдсан юм уу? 

-Сургуулиас гарч ирчихээд нэлээд ханиагаад байсан. Чи түргэний эмч рүү очиж үзүүлэхгүй юмуу гэсэн чинь “Би зүгээр зүгээр. Ингэж байгаад удахгүй зүгээр болчихно” гэж байгаад эхний цаг завсарлаад нэлээд удсаны дараа бие нь нэлээн муудаад, таталт өгөөд хамгийн хүнд байдлаар эмнэлэгт ирсэн. 

-Чиний биеийн байдал ямар байна вэ?

-Минийх харьцангуй гайгүй байгаа. Масктай байсан болохоор гайгүй байсан. 

-Хэдээс хэдэн давхар утаанд бүртхэгдсэн бэ?

-Сургууль тэр чигээрээ утаанд бүрхэгдсэн. 

-Яг хичээлийн цагаар энэ үйл явдал болжээ дээ?

-Эхний цагийн завсарлагаанаар гэх юм уу. 

-Тэгэхээр нэлээд олон хүүхэд утаанд хордсон байх магадлалтай байх нь ээ?

-Тийм. Ер нь бол 2, 3 давхарт байсан хүмүүс тэр чигтээ л хордсон байх. 

С.ОТГОН