Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсисийн санаачилгаар “Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээ 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Нью-Йорк хотноо эхэллээ.

НҮБ-ын гишүүн улс орнуудын төлөөлөгчид, бусад оролцогч тал энэхүү өндөр түвшний арга хэмжээний хүрээнд “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулах тогтвортой тээвэр, дэд бүтэц, аялал жуулчлал, эрчим хүч, өрийн тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн тэгш байдал зэрэг асуудлыг чухалчлан хэлэлцэж байна.

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин “Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээний аялал жуулчлалын асуудлаарх бүгд хуралдаанд Далайд  гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийг төлөөлж, үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ ДГХБО-ын хувьд дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын платформуудыг түлхүү ашиглах, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх нь аялал жуулчлалын салбарыг дэмжих, улмаар тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад чухал хувь нэмэр болохыг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газар ДГХБО-ын эрх ашгийг хамгаалах асуудлыг онцгой анхаардаг бөгөөд манай улс ДГХБО-ын бүлгийн дэд дарга, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хамтран даргалагчаар тус тус ажиллаж байна.