Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганаар Уламжлалт мал аж ахуйн талаарх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Малчид 1000 жилийн өмнө ямар байсан тэр хэвээрээ л байгаа. Манай монголчууд махны хэрэглээгээрээ эхний гуравт явж байгаа. Чанартай сайн мах идэж байгаа нь бэлчээрийн мал аж ахуйн давуу тал. Эрсдэлтэй тал нь байгаль цаг уурын өөрчлөлтөөс болоод хэцүүдэж байна. Бэлчээрийн даацын асуудал байна.

Монгол Улсын төрөөс хоёр бодлого байсан юм. Нэг нь ардчилал ялаад мал эзэндээ очсон. 25 саяас дээш болдоггүй байсан мал 70-80 сая болсон. Анх үндсэн хууль батлагдаж байхад нэлээд олон нэгдлийн дарга нар сонгогдож ирээд мал бол төрийн хамгаалалтад байна гэдэг заалттай болсон. Энэнээс өөр доривтой өөрчлөлтүүд хийгдээгүй. Та нар маань 8 жил засаг барилаа. Энэ бодлогыг чинь хараад манай Их хурлын дарга П-гээр эхэлж байсан үг хэлсэн. Манай малчид бүгдийг нь харж байгаад тэгж хэлж байгаа.

Ямар нэг үйлдвэр баригдаж, малаас гарч байгаа түүхий эдт эргэлтэд орсонгүй. Өнгөрсөн 8 жил. Монгол Улсын эдийн засгийн 10 хувь ХАА салбар. Ажлын байрны 21.6 хувь нь байгаа. Дэлхий нийтээрээ хотжих процесс явж байна. Техник, технологи хөгжиж байна. Өнөөдөр залуу малчид гэр бүл зохиох, орчин үеийн амьдралын хэв маягтай болоход дутагдалтай байна. 21-р зуунд ийм бодлогыг эхлүүлэх хэрэгтэй. Энэ талаар хийж хэрэгжүүлж байгаа зүйлс, судалгаа бий юу. Өвөлжөө хаваржаа байхгүй, нүүдэл суудал хийх газаргүй болсон.

Уул уурхай, бэлчээрийн мал аж ахуй нэг саванд багтах хэцүү.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Д.Ганбат гишүүнээ, уучлаарай, их харамсалтай байна. Та мал аж ахуйн салбарыг хөгжүүлж болохгүй гэдэг үг хэлж байна шүү дээ. Хотжих ёстой гэдэг үг хэлж байна. Энэ үгийг тань гайхаж хүлээж авч байна. МАА салбар, малчид чинээлэг болоосой гэж хөтөлбөр хийж байна гээд танилцуулаад яваад байх тусам зориудаар энэ хөтөлбөрийг мушгин гуйвуулж байна. Малчдын малыг нийлүүлж хоршоо байгуулах гэж байгаа зүйл огт байхгүй. Шинээр МАА-н салбарт хөрөнгө оруулалт хийх зорилгоор, хөрөнгө оруулалтын зээл олгох нөхцөл бүрдүүлэх үүднээс энэ хуулийг оруулж ирж хэлэлцүүлж байна. МАА-н салбар Монгол Улсын нийт газар нутгийн 72 хувийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна. Монгол Улсын нийт ажиллах хүчний 24 хувийг МАА-н салбар бүрдүүлж байна. ДНБ-ний 10 хувь МАА-н бүтээгдэхүүний орлого. Тэгэхээр МАА-н салбар хөгжих зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр Монгол малаас 31 ам.долларын орлогыг бүрдүүлж авч чадаж байна. Шинэ Зеланд улс 20 жилийн өмнө нэг малаас 59 ам.долларын ашиг олдог байж байгаад бидний хэрэгжүүлэх гэж байгаа либеральчлалын бодлогыг МАА даа нэвтрүүлж чадсанаар 20 жилийн дараа нэг малаас олдог орлого нь 353 ам.доллар болж өсөн нэмэгдсэн. Шинэ Зеланд улсын малын тоо 2000 онд 56 сая байсан. Гэтэл одоо тоо нь буурч чанар нь сайжирсан байна.