Цаг үеийн мэдээ

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд холбогдуулан фейсбүүк цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд Үндэсний аюулгүй байдлын эсрэг, Үндэсний эв нэгдлийг бусниулах илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараах замаар хүмүүсийг үндэс, угсаа, хэл, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэхийг уриалсан, ялгаварлан гадуурхсан үйлдлийг зохион байгуулахыг завдсан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, худал мэдээлэл тараах гэмт хэрэгт Т.Бат-Эрдэнэд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэгт 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 10 сарын хорих ял дээр 2 сарын хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ууганбаатар