Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн Орон сууцны корпорацаас  Багахангай дүүрэгт хэрэгжүүлж буй түрээслээд өмчлөх орон сууцны төслийн талаар танилцууллаа. Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай орон сууцны сан бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг 2022 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 126 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн. Үүнээс 95 айлын орон сууцыг Нийслэлийн Орон сууцны корпорац хэрэгжүүлж, түрээслээд, өмчлөх хэлбэрээр Багахангай дүүргийн иргэд болон төрийн албан хаагчдыг орон сууцжуулах төсөлд хамруулсан. Иргэдийн эргэн төлөлтийн төлбөрөөс хуримтлагдаж буй орлогыг Багахангай дүүргийн иргэдэд зориулж, цаашид орон сууцны төслийг үргэлжлүүлнэ гэж  "Нийслэлийн Орон Сууцны корпорац" ХК-ийн гүйцэтгэх захирал, төлөөлөгч М.Говьсайхан хэллээ.

Гэрээний хүрээнд өнөөдрийг хүртэл тус орон сууцны эргэн төлөлтөөс 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг төвлөрүүлсэн. Хамтын ажиллагааны гэрээнд заагдсаны дагуу төвлөрсөн хөрөнгөөр Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хөтөлбөрийг  хэрэгжүүлэх аж.