Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байгаа. Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэж холбогдох албаныхан мэдээлсэн.  

Эргэн сануулахад энэ оны 2-р сард УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр Киргиз улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлоход Мал эмнэлгийн газруудын гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тохиролцоог хийж чадсан юм. Ингэснээр манай улсын мах, махан бүтээгдэхүүнийг Киргиз улсад экспортлоход тарифын бус саад, тотгорыг арилгах томоохон алхам болсон. Мөн айлчлалын үеэр хоёр улсын хамтарсан мах боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон. Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа талаар Монгол улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг мэдээллээ. 

Монгол, Киргиз улс хооронд ээлж дараалан төрийн өндөр дээд айлчлалууд амжилттай хийгдсэн. Үр дүнд нь хоёр улсын худалдааны эргэлт даруй 5 дахин нэмэгдээд байна. Үүнээс гадна Монголын хувийн хэвшлийн компаниуд тус улсын зах зээлд үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж байна. Тухайлбал, Инвескор ББСБ тус улсад 4 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бол хэдхэн хоногийн өмнө Монос групп бүтээгдэхүүнээ Киргиз улсын зах зээлд албан ёсоор худалдаалж эхэлснээ зарлаад байна.