Цаг үеийн мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-“Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалт өнөөдөр /2024.04.25/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд “Олон Улсын Алтайн язгуурын хэлнүүдийн судалгаа” сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилсэн юм.

Салбар хэлэлцүүлгийн эхний сэдэв буюу хэл шинжлэлийн чиг хандлагыг тодорхойлох уг салбар хуралдааны чиглүүлэгчээр Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор Ж.Бат-Ирээдүй, үндсэн илтгэгчээр Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн академич Л.Болд, панелистаар ХБНГУ-ын Боннын их сургуулийн Алтай судлаач Аттила Матеффи, БНТУ-ын Измир Катип Челеби Их Сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн ухааны факультетийн декан, профессор, доктор Шабан Доган, Эль Фарабийн нэрэмжит Казак үндэсний их сургууль, Филологийн факультет, Түрэг судлал, хэлний онолын тэнхимийн доктор Султанбек Кутлугжон, Олон Улсын Монгол Судлалын холбооны ерөнхийлөгч, профессор, доктор Юки Конагаяа нар ажиллаж, мэдээлэл өгөв.

Алтайн хэлнүүдийн судалгааг ярихын тулд Енисэйн бичгийн дурсгалыг сөхөх учиртай. Монгол нутгаас олдсон томоохон олдвор нь Орхоны хөндийгөөс олдсон дурсгал учраас Л.Болд академичийн хувьд Орхон бичгийн дурсгалуудад суурилж судлах шаардлагатайг чухалчилж буйгаа илтгэлээ. Тэрбээр, цаашид зөвхөн түүхэн харьцуулсан судалгааны аргаар бус, хэл шинжлэлийн бусад аргыг хослуулж, хэл зүй, үгийн сангийн судалгааг эрчимтэй явуулах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүллээ. Тухайлбал, тэмдэг нэрийн судалгааг Монгол, Турк, Саяаны хэл холбогдож ирсэн талаарх дүнг танилцуулан илтгэв. Монголын газар нутаг дахь 64 байршлаас 130 дурсгал олдсон. Алтайн бүлэгт хамаарах хэлнүүдээс монгол, түрэг хэлийг харьцуулж үзэхэд үгийн сангийн 25 хувь нь, хэл зүйн 50 шахам хувь нь нийтлэг гэсэн судалгааны дүн гарчээ. Алтайн хэлнүүдийн нийтлэг байдлыг тогтоохдоо монгол, турк хэлний бүтэц, хэл зүйд тулгуурлах аргачлалыг ашиглаж болох юм гэсэн санааг дэвшүүлээд, түүхэн харьцуулан судлах бусад аргатай хавсарвал илүү оновчтой хэмээн тодотгов.

Салбар хэлэлцүүлэгт Боннын их сургуулийн Алтай судлаач Аттила Матеффи монгол, унгар хэлний харьцуулсан судалгааны талаар сонирхолтой илтгэл тавьсан бол Туркээс чуулга уулзалтад хоёр удаагаа ирж оролцож байгаа Измир Катип Челеби их сургуулийн ХНУФ-ийн декан, профессор, доктор Шабан Доган Алтай дамнасан улс орнууд дундын хэл зохиох боломжтой гэсэн саналыг дэвшүүллээ. Хэрвээ Алтайн хэлнүүдээс авч дундын хэл зохиовол аль ч улсын хүүхэд, залуус суралцах боломжтой байх болно гэв.

Хэл шинжлэлийн шинжлэх ухаанд Алтайн язгуурын хэл хэмээх онолын ойлголт байдаг боловч тухайн хэлэнд ямар улс орны хэлийг багтаах асуудал нь 60-70 жилийн турш маргаантай хэвээр явж ирсэн тул орчин цагийн, шинэ судлаачдын дунд хэлэлцүүлж, шийдвэрлэх цаг нь болсон хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байна.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт нь Алтайн соёл, археологийн судалгааны хөгжилд түлхэц өгч байна

Салбар хэлэлцүүлгийн 6 дахь сэдэв нь “Алтайн соёл, археологийн судалгааны орчин үеийн чиг хандлага” байлаа. Хуралдааны чиглүүлэгчээр Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, ШУ-ны доктор Ц.Цэрэндорж, панелистаар БНТУ-ын Анкарагийн их сургууль, Хэл, түүх, газар зүйн факультет, Түүхийн тэнхимийн профессор, доктор Саадэттин Еагмур Гөмэч, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, доктор, дэд профессор Ю.Болдбаатар, БНСУ-ын Гимхэ үндэсний музейн захирал, профессор, доктор Юн Хён Вон, Олон улсын Алтай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Истанбул 29 Маис Их Сургууль, Утга зохиолын факультет, Түүхийн тэнхимийн профессор, доктор Илхан Шахин нар оролцож, илтгэлээ танилцууллаа.

Монгол Улсын хувьд археологийн судалгаа сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж, олон улстай хамтын ажиллагаа өргөжин тэлж, судалгааны байгууллагуудын хамтарсны хүчинд ихээхэн үр дүнд хүрч, онол, арга зүйгээс харилцан суралцаж, цаг хугацааны хувьд нэлээд түүхийн дурсгалыг олж илрүүлэхэд түлхэц өгсөн. Манай судлаачдын арга, туршлага нэмэгдэхийн хэрээр бүс нутгийн хэмжээнд цогцоор нь судлах, нэг сэдэвт ном, бүтээлүүдийг хэвлүүлэх болсон. Үүний тод жишээ нь япончуудтай хамтран бичсэн “Нүүдэлчид ба Төмөрлөг” ном юм. Төмөрлөг боловсруулалтын чиглэлээр 600 жилийн турш тогтвортой үргэлжилсэн төмөрлөгийн үйлдвэрлэлийн ул мөрийг монгол, япон археологчид олж илрүүлжээ.

Одоогоос 10 гаруй мянган жилийн өмнөх мөстлөгийн үеийн мөсөн голын даралт, үрэлтийн үр дүнд үүссэн хөндийн гялгар хаданд зурагдан үлдсэн 60 мянга гаруй хадны зургийн дурсгалыг газар зүйн мэдээллийн санд түшиглэн Монгол Улсын Их Сургуулийн археологийн судалгааны төвийн захирал, доктор Ц.Төрбат доктороор ахлуулсан баг судалж,  цахимд байршуулан 3D хэлбэрээр дэлхийн өнцөг булан бүрээс үзэж танилцах, түүхийн жимээр аялах боломжийг бүрдүүлсэн тухай доктор, дэд профессор Ю.Болдбаатар танилцууллаа. Монгол Алтайн хадны зургийн цогцолборыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэсэн бөгөөд Монголоос соёлын салбарт бүртгэгдсэн хоёр дахь өвд тооцогддог. Энэхүү өвд Цагаан салаа, Бага Ойгор, Шивээт хайрхан, Арал толгой гэсэн гурван том дурсгалыг багтаадаг. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалт газар нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт  нийт 11300 га талбайг эзэлдэг. Дэлхий дээрх хамгийн том хадны зургийн дурсгал байж мэдэх дэлхийн өвийг бүрэн баримтжуулахад археологчид анхаарч ажиллажээ. Тэрбээр мөн археологийн судалгаа нь Монгол Улсад уул уурхайн салбарын хөгжилд нөлөөлсөн гэв. Эгийн голын цахилгааны станцыг барих талбайд гэхэд л Монголын археологийн таван байгууллага, бараг ихэнх археологичийг оролцуулсан судалгааг хийсэн нь томоохон, цогц судалгаанд тооцогдож байгаа ажээ. Монгол-Туркийн хамтарсан судалгааны баг Турк улсын Ван мужийн Хан тосгоноос Аладагийн ордон хэмээх Хүлэг хааны зуны ордны туурийг нээж олсон. Цаашид нүүдэлчдийн түүхийн өв, соёл, түүхэн олдворуудыг хадгалж, хамгаалах асуудал нь чухалд тооцогдож байна. Битүүмжлэлтэй сав, байгууламжийг шийдвэрлэх явдал тулгамдаж буйг илтгэлдээ дурдлаа.  

Харин БНСУ-ын Гимхэ үндэсний музейн захирал, профессор, доктор Юн Хён Вон нь Монголын эзэн гүрний зэвсэгт гүрний байлдан дагуулалтын ул мөр, түүхэн олдворууд Солонгосын хойгийг бүчсэн, Чэжү арал хавиас олдсон тухай сонирхолтой баримт дэлгэв. Чиндо муж, далайн эрэг хавиас Монголын эзэнт гүрний баатруудын эдэлж хэрэглэж байсан эд, зүйлсийн олдворууд цөөнгүй олддог. Ялангуяа хамгаалан эсэргүүцэх байгууламжуудын ойр орчимд элбэг байдаг. Монгол цэргүүд Төв Азийн бүсэд довтолж асан газар нутгийн байршлыг 1274 он, 1281 оноор тоймлон үзүүлж, Хубилай хаан солонгосчуудтай хамтран дайтаж, далайн хар шуурганд өртсөн талаар судалснаа товч танилцуулав. БНСУ-ын хувьд усан доорх судалгаа, далайн археологи ихэд хөгжсөн гэдгийг онцлоод, далайд живсэн 3500 гаруй усан онгоцноос монгол зоос олдсон. Монгол цэрэг, дайчин эрсийн байлдан дагуулалт нь зам харгуйг нээснээрээ чухалд тооцогддог. Өчүүхэн олз омогт шунасан хэрэг биш гэж судлаачийн хувьд дүгнэдэг хэмээн ярилаа. Түүнчлэн далайд живсэн усан онгоцны үлдэгдлийг 40 жилийн турш БНХАУ-ынх гэж үзэж ирснийг 701 жилийн өмнө байлдаж явсан монголчуудынх байсан болохыг тогтоосон хэмээн гэрэл зургаар үзүүлж, хэлэлцүүлэгт оролцогчдод тайлбарласан юм.

Олон улсын Алтай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор, доктор Илхан Шахины хувьд Алтай дамнасан чуулга уулзалтад хоёр дахь удаагаа зорин ирж оролцож байгаа илтгэгч юм. Энэхүү уулзалт нь хэл, соёл, түүхээрээ өнө эртнээс холбогдсон улс үндэстнүүдийн төлөөлөл нэг дор цугларч, дэлхийн бөмбөрцгийн өргөрөг дагуух Солонгосын хойгоос Бага Азийн хойгийн бүс нутгийг хамруулсан асуудлыг энх тайванч, шинжлэх ухаанчаар хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилт дэвшүүлж, тодорхойлон чуулж буйгаараа онцлог үйл явдал хэмээн дүгнэн онцолж байна.  

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт салбар хуралдаануудаар үргэлжилж байна.