Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 22-ын товчооны орчимд дөрөвдүгээр сарын 24-ний 23:00 цагийн үед шатахуун тээвэрлэгч хүнд даацын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарсан.

Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодрууллаа.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулав.

-Хүнд даацын ачаа тээврийн машин төмөр замын гарам дээр вагонтой мөргөлдсөн ослын шалгалтын ажиллагаа явагдаж байгаа юу?

-2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23:30 цагт Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнөөс Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонсголон салбарын замын сэлгээний 3102 дугаартай галт тэрэгтэй ачааны автомашин мөргөлдлөө гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу ТЦА-ны Төмөр замын цагдаагийн газраас бүрэлдэхүүн очиж үзлэг хийсэн. 

-Ачааны машинд аюултай ачаа тээвэрлэж байсан уу?

-Аюултай ачаа тээврийн машиныг шалгахад тухайн ёмкост дотор ямар нэгэн түлш байгаагүй. Вагон болон ачааны машины жолоочийг согтуурлын зэрэг тогтоох багажинд үлээлгэж шалгасан. Шалгахад 0 хувьтай, эрүүл байсан. Нэг ёсондоо согтуурлын зэрэг илрээгүй гэсэн үг. Одоо Төмөр замын цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 

-Төмөр замд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан уу?

-Гараагүй. 

Уг вагон нь Тавантолгойн төмөр замын вагон байжээ. Тавантолгойн төмөр замын хэвлэлийн албанаас тодрууллаа.

Тавантолгойн төмөр замын хэвлэл мэдээллийнн ажилтан Ганцэцэг “Уг ослын шалгалтыг өчигдөр хийх гэтэл шалгах боломжгүй газар тавьсан байсан. Өнөөдөр шалгалтын ажиллагаа явагдаж байна. Дүгнэлт гарах болоогүй. Урьдчилсан байдлаар хохирол багатай гэж үзэж байгаа юм. Дүгнэлт гарсны дараа нэмэлт мэдээлэл өгнө. Манайх тээвэр хийхээр Улаанбаатар төмөр замаас түрээслэсэн галт тэрэг байсан” гэв. 

С.ОТГОН