Цаг үеийн мэдээ

Цагдаагийн ерөнхий газраас өмгөөлөгч Г.Батбаярын нас барсан хэргийн талаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээллийг өглөө.  

Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаад байгаа иргэн Б нас барсан хэргийн талаар мэдээлье. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суух иргэн Б нь 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдлыг түүний төрсөн дүү Н-аас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээрт хэлтэст энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:57 цагт гаргасан. Иргэнээс ирсэн гомдлын дагуу тус хэлтсээс гомдлыг хүлээн авч, эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд зарлаж эхлүүлсэн байдаг.

Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Богдхан амралтын газрын гадна талын автомашины зогсоол орчмоос иргэн Б-ын унаж явсан улсын дугаартай Toyota axes маркын машин олдсон. Автомашинд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хэргийн газрын үзлэгийг цагдаагийн байгууллагаас явуулахад иргэн Б автомашины арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрэл зургийн аргаар, дуу дүрсний аргаар, бичлэгээр бэхжүүлж авсан байна. Үзлэгийг цагдаагийн байгууллагын мэргэшсэн алба хаагчид, Хан-Уул дүүргийн прокурорын хяналтын прокурорын хамтаар явуулсан. Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, галт зэвсгийн сум, хонгио, гар утас бусад эд мөрийн баримтыг бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар тооцон шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар ШШЕГ-т хүргүүлээд байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд амь хохирогч Б нь галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдож, цаашид мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Амь хохирогчийн цогцсын үзлэгийг ШШЕГ-ын мэргэжлийн шинжээчид буюу эрх буюу алба хаагчийн бүрэлдэхүүнтэй шинжээч (бүрэлдэхүүнтэй гэдэг нь 3-4 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг)-ийг хэлж байгаа. Шинжээчдийн бүрэлдэхүүн үзлэгийг дүрс дуу бичлэгийн баримтаар бэхжүүлж авсан. Хэрэгт амь хохирогчийн төрсөн дүү Н-ыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Төлөөлөгч Н болон түүний өмгөөлөгч Ц-г байлцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйл, 8.1.1, 8.1.2 8.1.3, 25.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон мэдүүлэг авч, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээч томилсон тогтоолыг танилцуулсан байгаа. Тогтоолыг танилцуулахад хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал гомдол гаргаагүй. Цаашид хэрэгт гэрчээс мэдүүлэг авах, амь хохирогч Б-ын маршрутыг тогтоох, хяналтын камеруудын бичлэгт үзлэг хийх, хураа авах, зэрэг мөрдөн шалгах ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий алба хаагчид прокурорын байгууллагын хяналтад явуулж байна. Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөхөд ийм байна.

-Ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүй, оруулалгүй задлан шинжлэх ажиллагааг хийсэн гээд байгаа. Яагаад ар гэрийнхэнд таниулах ажиллагаа явуулаагүй вэ?

-Эдгээр үйл ажиллагаа бүгд хууль журмын дагуу, прокурорын хяналтад явагдсан. Ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдаагүй. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, нууж хаасан, хохирогчийн ар гэрт хууль зөрчиж үзүүлж харуулаагүй гэдэг асуудал огтоос байхгүй.

-Гэрээслэл олдсон гэх зүйлүүд яваад байгаа. Энэ үнэн үү?

-Та бүхэн буруу ташаа мэдээллүүд яваад байна.

Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл, бичиг баримт олдоогүй.

-Ар гэрийн зүгээс хөндлөнгийн шинжээч томилох хүсэлтэй гэсэн. Тийм боломж бий юу?

-Ар гэрийн зүгээс дээрх хүсэлтийг гаргавал мөрдөн шалгах байгууллага, түүнд хяналт тавьж байгаа прокурорын байгууллагаас хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэдэг. Хуульд зааснаар ар гэрийн хүсэлтийг хангах, давтан шинжээч томилох, хүсэлтийг буцаах зэрэг олон шийдвэр гаргах боломжтой. Хэргийн нөхцөл байдлаас хамаарч энэ бүх шийдвэр гарна.

-Амь хохирогчийн хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаад шүүх рүү шилжих өдөр нас барсан гэх мэдээлэл байна. Үнэн үү?

-Амь хохирогч иргэн Б-тай холбогдтой хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан нь үнэн. Амь хохирогч Б-тай холбогдуулан цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг буюу хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэсэн гэмт хэрэгт шалгаад, мөрдөн шалгах ажиллагааг явуулаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газар явуулсан байгаа.

-Гадны нөлөөтэй амь хохирсон байх шинж тэмдэг ажиглагдсан уу?

-Одоогоор тэр талаар мэдээлэл өгөх боломжгүй.

-Амь хохирогч Б нь олдсон өдрөөсөө 3 хоногийн өмнө нас барсан. ШШЕГ руу очих замдаа цогцос солигдсон гэх мэдээлэл байна?

-Энэ бол илтэд худал мэдээлэл гэж хэлнэ. Ямар ч тийм боломж байхгүй. Нас барсан цагийг задлан шинжилгээгээр тогтооно.

-Амь хохирогч буудуулсан байдалтай олдсон гэж үнэн үү?

-Буудагдсан байж болзошгүй шархтай нас барсан.

-Хэдэн удаа буудсан юм бол?

-Түүнийг мэдээлэх боломжгүй.

-Богдхан амралтын газарт машин нь хэзээ очсон юм бол?

-Түүнийг шалгаж байгаа.

-Тэр хавьд хяналтын камер бий юу?

-Шалгаж байна.

С.ОТГОНБАЯР