Цаг үеийн мэдээ

2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Дүнжингарав худалдааны төвийн урд уулзварт гарсан газ дэлбэрсэн ослын хохирогчид болох 207 дугаар байрны оршин суугчид мэдээлэл хийлээ. 

Бид яагаад мэдээлэл хийх болов гэхээр нэгдүгээрт, бид өнөөдрийн нөхцөл байдлаа олон нийтэд танилцуулах, эдгээр өдрүүдэд төр засгаас ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэхээс гадна бидний асуудалд нэн яаралтай дорвитой арга хэмжээ авч, анхааралдаа авахыг хүсэж байгаа юм. Хоёрдугаарт, БХБЯ-ны барилгын дүгнэлттэй оршин суугчид бид тавдугаар сарын 1-нд бүрэн эхээр нь авч танилцсан.

Дүгнэлттэй танилцахад УОК-ын дөрөвдүгээр сарын 4-нд хийсэн хэвлэлийн бага хурлаас зөрүүтэй, хэтэрхий нэг талыг барьсан сөрөг агуулгатай мэдээлэл хийснээс гадна, дүгнэлтийн тоон дүнгүүд нь зөрүүтэй хэлж, хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл тараасан гэж үзэж байгаа.

Дүгнэлтэд гарсан зөрүүтэй алдаатай мэдээллийг та бүхэнд танилцуулах зорилгоор энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. Газ дэлбэрсэн ослын улмаас манай 207 дугаар байрны 63 өрхийн нийт 218 иргэн орон гэргүй болж хохирсон. Үүнд: өндөр настан 17, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2, бага дунд насны 23 хүүхэд, хэвтрийн өвчтэй нэг, жирэмсэн эх 3, хөдөлмөрийн насны иргэд 112 гэсэн нийт 218 иргэн хохироод байна. Эдгээр иргэд идэр есийн хүйтэнд орон гэргүй болж үлдсэн. Одоог хүртэл бидний ирээдүй шийдэгдээгүй. Бид маш түгшүүртэй байдалтайгаар 107 дахь өдөртэйгөө золгож байна. 

УОК-оос мэдээлэл хийхдээ оршин суугчдад ямар ч мэдээлэл өгөөгүй. Барилгын эцсийн дүгнэлтийг хохирогчид бүтэн нэг сарын дараа буюу тавдугаар сарын 1-ний өдөр гар дээрээ хүлээн авч танилцсан. Оршин суугчид барилгын дүгнэлттэй танилцахад УОК-ын хэвлэл мэдээллээр өгөөд байгаагаас маш олон зөрүүтэй, зөрчилтэй зүйл илэрсэн. Үүнд: 

УОК-оос дөрөвдүгээр сарын 4-нд өгсөн мэдээллээс бидэнд танилцуулсан хариу газар тэнгэр шиг ялгаатай. Барилга өөрөө төмөр бетонон хийцээр баригдсан учир хамгийн чухал нь дам нуруу, багана, хана. Сантехник, цахилгаан, лифт зэрэг нь дараагийн асуудал.

БХБЯ-ны дүгнэлтээр нийт барилгын 86 хувь бүрэн шатсан гэсэн мэдээлэл өгсөн. Гэтэл бидэнд өгсөн мэдээллээр нийт барилгынх нь 8 хувь нь галд өртсөн. 83 хувь нь галд ямар нэгэн байдлаар огт өртөөгүй гэсэн дүгнэлт танилцуулсан.

Барилгын үндсэн дам нуруу, хана, хучилт зэрэгт ямар нэгэн ан цав үүссэн, гажилт үүссэн зүйл байхгүй. Сууринд бас ямар нэгэн гажилт, ан цав үүссэн гэх үг өгүүлбэр байхгүй. Бүгд шаардлага хангаж байна гэсэн дүгнэлтийг бидэнд өгсөн 200 гаруй хуудастай дүгнэлтэд бичсэн байгаа юм. 

С.ОТГОН