Цаг үеийн мэдээ

            Өнөөдөр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн алдартай телевизийн хөтлөгчдийн нэг болох Ларри Кинг түүний "Larry King Live"  ток шоунд энэ цаг үеийн хамгийн алдартай хүмүүс оролцсон билээ. Тэрээр улсын Ерөнхийлөгч, кино од, орон гэргүй гуйлгачин, ер нь хэнийг ч яриулж чаддаг авьяастан юм.

            Ларри Австри, Беларусийн еврей цагаачийн гэр бүлд төрсөн. Дунд сургуулиа арай ядан төгссөн бөгөөд аав нь багад нь нас баржээ.  Ийнхүү балчир хүү үргэлжлүүлэн сурах боломжгүй болж телевизэд тоос арчих, кофе зөөх ажилд оржээ.  Ажилдаа дадаж, телевизийн ажилтнуудын хийдэг бүхнийг шохоорхон харж зогсдог байсан түүнд гэнэтийн аз дайрч, ажлаас халагдсан хөтлөгчийн оронд хүчээр шахуу эфирт гарчээ. Эхний ярилцлага мэдээж бүтэл муутай болсон ч тэрээр давхар кафед ажилд орж, бүх хүнээс юм асуун явдаг байлаа. Түүний ажиллаж байсан кафед дуучин Бобби Дарин байнга ирж Лари ч түүнтэй байнга ярилцдаг байж. Ийнхүү тэрээр оддоос ярилцлага авч сурчээ.

 

            Нүдний шил, мөрөвч хоёр түүний гол гангараа. Тэрээр сайхан залуу биш гэдгээ мэддэг байсан тул бусдаас өвөрмөц байдлаараа ялгарах гэж оролддог байж. Түүнийг пиджакаа тайлахад мөрөвчийг нь харсан хүмүүс тайвшран, илэн далангүй ярьж эхлэдэг тул тэрээр мөрөвчөө байнга зүүх болжээ. Харин нүдний шилийг тохьтой томоотой, буурьтай, итгэл даасан имижийг бүрдүүлэх гэж зүүдэг байна.

            Ларригийн баримталдаг зарчим бол тэрээр ярилцагч зочноо гол болгож, өөрөө ард үлдэх дуртай. "Би олон асуулт тавих дургүй. Миний дуртай асуулт бол Яагаад  гэдэг үг юм" хэмээжээ. Түүний хамгийн хайртай зочин нь Фрэнк Синатра, Билл Клинтон нар бөгөөд "Тэд хошин шогийн мэдрэмжтэй, юм ярих дуртай хүмүүс байсан" гэж тэрээр дурссан байдаг.

            Ларригийн "Larry King Live" шоу эфирт 25 жил гарахдаа Ричард Никсоноос эхлээд АНУ-ын бүх Ерөнхийлөгч, алдартай тамирчин, улстөрч, дуучид зэрэг 60 мянган хүнтэй уулзсан байдаг бөгөөд гиннесийн номонд бүртгэгдсэн анхны шоу аж.        Ларри холливудын хэд хэдэн бүтээлд оролцож, хүүхэлдэйн кинонд дуу оруулсан байдаг.