Цаг үеийн мэдээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 09-р сарын 26-ны өдрийг "Орчны эрүүл мэндийн өдөр" болгон зарласан байдаг. Энэ жилийн хувьд энэ өдрийг "Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд нь дэлхийн орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг мөн" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Агаарын бохирдлоос үүсэх өвчлөлүүд, уур амьсгалын өөрчлөлт хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар энэ өдөр  НЭМҮТ-ийн "Хотжилт хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан" Д. Золзаяагаас тодрууллаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан юунаас үүдэлтэй вэ? Энэ талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

          Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн хэт ялгарал гэж үздэг. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хүн ам, экосистем, хүнс хоол тэжээл зэрэгт аль хэдийн нөлөөлөөд эхэлсэн. Иймд байгаль орчныг хамгаалах, ялангуяа агаарын бохирдлыг бууруулах талаар цахилгаан эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, түлшний боловсруулалтыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах шаардлагатай байна.

 Агаарын бохирдол хүний биед хэрхэн сөргөөр нөлөөлж байна вэ?

           Нийслэлийн хүн амын нас баралтын шалтгааны 9,2 хувь нь агаарын бохирдолоос үүдэлтэй байдаг. Амьсгалын замын өвчлөлүүд, уушги, зүрхний хавсарсан өвчин, зүрх судасны өвчлөл, тархины цус харвалт, харшил гээд олон төрлийн өвчлөлүүд сүүлийн жилүүдэд ихэсч байна.

 

Жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүдэд яаж нөлөөлж байгаа вэ?

          Жирэмсэн эхчүүдэд ургийн хэвийн өсөлт алдагдах, дутуу төрөлт, зулбалт, бага жинтэй төрөх зэргээр нөлөөлж байна. Харин бага насны хүүхдүүдэд төв мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж, цаашид оюуны чадамж нь буурч улмаар сурлагын амжилтанд нөлөөлөх, уушгины архаг үрэвсэл харшилтай болгож байна. Иймээс эцэг эхчүүд хүйтний улирал эхэлж байгаа энэ цаг мөчид өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ дархлааг сайжруулах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн үед ард иргэд хэрхэн эрүүл мэнддээ анхаарч урьдчилан сэргийлэх вэ: Та зөвөлгөө өгөөч.

          Манай иргэд Монгол улсын Засгийн газраас 2018 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 62 дугаар тогтоолоор гаргасан 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийг сайн дагаж мөрдөх хэрэгтэй. Агаарын бохирдлоос үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврын талаар мэдлэг мэдээлэлтэй байж, түүнчлэн гэр хороололд амьдарч буй иргэд гэр орноо сайтар дулаалж чийгтэй цэвэрлэгээг байнга хийгээрэй. Мөн агаар цэвэршүүлэгч ургамлыг тарьж агаар шүүгчийг гэртээ байлгах хэрэгтэй. Түүхий нүүрснээс татгалзаарай л гэж зөвлөх байна даа.

Ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

 Баярлалаа, та бүхэнд ч гэсэн амжилт хүсье.