Цаг үеийн мэдээ

 

Тэрээр нэгэнтээ "Миний хувьд татами дээр яагаад ч юм аавыгаа л бодож барилддаг даа. Аав минь намайг бурхны орноос харж байгаа. Өндөр амжилт гаргаад аавынхаа нэр төрийг өндөрт өргөж явах юмсан гэж мөрөөдөж явдаг." хэмээсэн байдаг. Тэр хүү бол Даваадоржийн Төмөрхүлэг. Түүний нарт хорвоод дуугаа хадаан мэндэлссэн өдөр өнөөдөр тохиож байна.

Түүний аав Улсын харцага Ч.Даваадоржийн төрсөн нутаг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум. 1964 оны олон луу жилтнүүдийн нэг билээ. Дархан аварга Д.Цэрэнтогтохын нутгийн бөх түүнийг "Хар" аваргын жижиг хувилбар хэмээн нэрлэдэг байсан. Бахим, зорсон юм шиг биетэй хүчит харцага Үндэсний бөхийн шилдэг уран хурц барилдаант бөх байсаныг одоо ч бөх сонирхогчид мартаагүй. Багаасаа Төмөрхүлэг хүүгээ бөх болгох гэж дагуулж явж барилдаан мэх зааж өгдөг байсан түүний хүсэл өдгөө биелсэн.

Төмөрхүлэг аавынхаа нүдэн дээр сайн барилдаж чаддаггүй байсан учир “Хүүхдийн их наадмын" бөхийн тэмцээнд орохын тулд худлаа хэлээд гэрээс гарсан гэдэг. Хүүгийнхээ бодлыг ч зөнгөөрөө мэдэрсэн Даваадорж харцага араас нь очиж нууцаар барилдахыг нь харсан гэдэг. Төмөрхүлэг тэр барилдаанд түрүүлээд аав ээждээ хэлэхийг тэсэн ядан гүйтэл аав нь өөдөөс гараад ирсэн гэдэг. Ингэж Төмөрхүлэг хүүгийн аавынхаа нүдэн дээр барилдаж чаддаггүй байсан барцад арилсан байдаг.

Улсын харцага Ч.Даваадорж Хэрлэнгийн хөдөө аралд болсон Даншиг наадамд 6 даван "Өсөх идэр начин" цол хүртэж байсан ба тун удалгүй нуган үртэй болсон нь Төмөрхүлэг. Аав нь амин хайртай хүүгээ Ц.Шийрэв багшид хадаг барин шавь оруулсан ба хүү нь гаргасан амжилтаараа аавыгаа олон удаа баярлуулсан байдаг. Харцага аавынх нь захиас бол "Жүдо бөхийн оргилд хүрээрэй Миний хүү" хэмээх захиас байдаг гэнэ.
Аавынхаа захиасыг биелүүлээд Олимп-Дэлхийн аварга хэмээн зарлуулах цаг тун удахгүй ирэх биз ээ.

Ч.Амар