Цаг үеийн мэдээ

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар, жүдо бөхийн спортын мастер, дасгалжуулагч, олон улсын шүүгч Баасанжавын Ууганбаатар томилогджээ.

Б.Ууганбаатар нь 1971 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо төрсөн байна. Тэрбээр 1989 онд нийслэлийн 45 дугаар сургууль, 1999 онд Их шавийн дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр 12 настайдаа хуучны Спорт сургалтын төвийн багш "Буурал" хэмээх Дамбын Гансүхийн жүдо бөхийн секцэд хичээллэн, улмаар өсвөр, залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байв. Гавьяат тамирчин Д.Баатаржавын "Харцага" клубт 1989-1993 онд тамирчин байсан бөгөөд 2000-2007 онд "Аварга" дээд сургуульд жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллажээ.

Монгол-Лаосын Үндэсний олимпын хороодын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2007-2011 онд Вьентьян хотноо тус улсын шигшээ багийн дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажиллаж, Зүүн өмнөд Азийн наадмын жүдогийн анхны мөнгө, хүрэл медалийг Лаос шавь нараас нь хүртсэн байна. Б.Ууганбаатар нь 2000 оноос шүүгчийн замналаа эхэлж, 2003 онд олон улсын шүүгчийн болзол ханган, “Инчеон-2014” Азийн наадам, Азийн залуучуудын АШТ зэрэг 20 шахам олон улсын тэмцээнд шүүгчээр уригдан ажиллажээ.

Ташрамд сонирхуулахад, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар өнгөрсөн жилүүдэд Ардын багш Ч.Насантогтох, Г.Жадамба, гавьяат тамирчин Ц.Дамдин, Ц.Цэрэнпунцаг, М.Бөхбат нар ажиллаж байсан юм.