Цаг үеийн мэдээ

            Өчигдөр буюу 10 дугаар сарын 23-нд Лондон хотоос 50 орчим км-ийн зайд орших үйлдвэрлэлийн бүсэд орхисон ачааны машин дотроос 39 хүний цогцос олдсон хэрэг гарчээ. BBC-ийн мэдээлснээр 38 том хүн, нэг өсвөр насны хүүхдийн цогцос байсан бөгөөд одоогоор хохирогчдын хэн болох, хаанаас ирснийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Түүнчлэн эл хэрэгтэй холбогдуулан ачааны машины жолооч болох 25 настай Моррис Робинсон гэх этгээдийг баривчилсан байна. Цагдаа нарын олж тогтоосноор ачааны машины чиргүүлийг Бельги улсын Зеббругге тосгоноос Темза мөрнөөр тээвэрлэн оруулж иржээ. Харин чирэгч толгой нь Болгар улсад үйл ажиллагаа явуулдаг, Ирландын иргэний эзэмшдэг компанийн нэр дээр бүртгэлтэй байжээ. Гэвч Болгар улс уг хэрэгтэй үүнээс өөрөөр ямар нэгэн хамааралгүй гэж  Болгарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Харин Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар ачааны машин Ирландаар дамжин өнгөрсөн нь тогтоогдвол шаардлагатай мөрдлөг, шалгалтыг явуулна гэж мэдэгдэв.

            Олон улсын эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг хэргийг хууль бус хүн тээвэрлэлт байж болзошгүй хэмээн үзэж байна. Сүүлийн жилүүдэд цагаачид Их Британид хөл тавихын тулд ачааны машинд нуугдан, хууль бусаар хил давах нь нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, лхагва гарагт дээрх хэргээс гадна Кентийн хурдны замаар Лондонг зорьж явсан ачааны машинаас есөн цагаач иргэнийг илрүүлжээ.

            НҮБ-аас мэдээлснээр Их Британи руу хууль бусаар нэвтрэх явцад амиа алдсан хэд хэдэн хэрэг бүртгэгдсэн гэжээ. Тухайлбал, 2000 онд Хятадын 58 иргэн, 2015 онд 71 хүн тус тус ийм байдлаар амиа алдаж байжээ.

Эх сурвалж: BBC, CNN