Цаг үеийн мэдээ

            “Гэмтсэн чихтэй хөрөг” зураг бол түүний Винсент Ван Гогийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Энэ зурагт чухам яагаад Ван Гог чихээ боосон байгаагийн шалтгааныг түүхчид олон янзаар тайлбарладаг. Ихэнх судлаачид Ван Гог өөрөө чихээ зүсэж гэмтээсний дараа энэ хөргийг зурсан гэцгээдэг. Гэвч Ван Гог өөрийн чихээ огтлоогүй юм. Тэрээр үнэндээ маргааны үед агуу зураачийн чихийг огтолсон найзыгаа хамгаалахын тулд энэ түүхийг зохиожээ.


Хэрэв Винсент Ван Гог өнөөдөр амьд сэрүүн байсан бол дэлхийн хамгийн баян тэрбумтан байх байлаа. Учир нь, түүний нэрээр овоглосон хэдэн арван бүтээл өнөөдөр асар өндөр үнэд хүрч, дуудлага худалдаа бүрээс хэдэн арван сая ам.долларын ашиг олж байгаа билээ. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй 10 уран зургийн гурав нь түүний бүтээл гэхээр Ван Гог үнэхээр ховорхон авьяастай зураачдын нэг байсныг гэрчилнэ.

            Голландын пост импрессионист зураач Винсент Виллем Ван Гог 1853 онд төржээ. Тэрээр багаас сэтгэлийн хөөрөл ихтэй, өөртөө итгэл муутай, дорой нэгэн байсан нь хожим сэтгэл мэдрэлийн өвчин тусах эхлэл байсныг ч үгүйсгэх аргагүй юм. Хүний орчлонд  37-хон насыг наслахдаа ядуу зүдүүгийн туйлыг үзэж, зовж зүдэрсээр хорвоог орхисон золгүй тавилантай нэгэн байв. Яагаад гэвэл тэр амьдралдаа ердөө ганцхан удаа л өөрийн “Улаан усан үзмийн талбай” бүтээлээ худалдаж, 400 франк олсноос өөрөөр авьяас билгээ үнэлүүлж чадаагүй билээ.

            Ван Гог өсвөр насандаа зураач биш харин урлагийн бүтээл худалддаг наймаачин болох хүсэлтэй байж. Харин түүнийг зураач болохыг дэмжиж ятгадаг, шахаж шаарддаг ганцхан хүн байсан нь түүний ах Тео байсан гэдэг. Ван Гогт бурхнаас заяасан гэмээр цорын ганц дотны хүн байсан нь Тео байв. Парист ажиллаж амьдардаг Тео дүүгээ зураач болгохын тулд мөнгө төгрөгөөр дэмжиж тэтгэдэг байжээ. Хоёр ч удаа сургуульд сурсан боловч хаяж бас хэдэн ажил сольж хийж, тохирох ажил мэргэжлээ олохгүй явсан Ван Гог 28 насандаа сая нэг дүрслэх урлагт орохоор эргэлт буцалтгүй шийджээ. Ван Гог ихэвчлэн хөдөлмөрт нухлагдсан тариачин ардын гар, хөл, толгой, хөрөг зургийг нь зурдаг байв. Энэ үеийнх нь зурагнаас хамгийн алдартай нь 1885 онд зурсан “Төмс идэгчид” билээ.

            Тэрээр Парист ирж, Францын уран бүтээлч Пол Гоген, Камилле Пиззаро, Клод Моне зэрэг бүтээлчидтэй нөхөрлөснөөр Ван Гогийн бүтээлд хар бараан өнгө давамгайлдаг байдал өөрчлөгдөж, илүү гэгээлэг болж эхэлжээ.  Энэ үеэс Ван Гогийн сэтгэл зүйд өөрчлөлт гарч эхэлсэн бөгөөд түүний түргэн ааш зан, бусадтай ойлголцдоггүй байдал, шөнөжингөө уран бүтээлийн талаар найзуудтайгаа ярилцдаг зэрэг нь эрүүл мэндийг нь дордуулж байжээ.

            Түүнийг Францын Гэгээн Ремигийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт жил гаруй эмчилсэн аж. Алдарт зураачийг эмчлүүлж байх үед түүнийг бараг галзуурсан гэж тодорхойлж, өвчнийг нь эмчлэх гэж 200 гаруй эмч оролдож, 30 гаруй төрлийн онош тогтоож байсан гэдэг. Гэхдээ тэрээр энэ л vедээ “Аймшигт шөнө”, “Цахилдаг” зэрэг хамгийн алдартай бvтээлээ зурсан юм.

            Хэдийгээр Ван Гог амьд ахуйдаа амжилт олоогүй ч ирээдүйд уран бүтээлийг нь өндрөөр үнэлэх цаг ирнэ гэдгийг мэддэг байж. 1888 онд ахдаа бичсэн захидалдаа “Бүтээлд маань мөнхөд үнэлэгдэх чанар бий гэдгийг батлахын тулд би ажиллах ёстой. Ирээдүйн үеийнхэн над шиг өнгө будгийг эрхэмлэдэг зураачийг үнэлэх болно гэдэгт би итгэж байна. Тийм болохоор мөнгөгүйн зовлон тоочих эрхгүй ажиллах ёстой” гэсэн байжээ.