Цаг үеийн мэдээ

           Энэ өдрүүдэд дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг Halloween Сүнсний баяр тохиож байна.  Энэ баярт дийлэнх хүмүүс ихэд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд ямар нэг дүрд хувилахын тулд заавал шинэ хувцас худалдаж авахаас гадна гэрээ чимэглэдэг байна.

            Гэхдээ Их Британид хийсэн судалгаагаар энэхүү баярын дараа зөвхөн Хэллоуины костюмууд нь л гэхэд 2000 тонн хуванцар хог хаягдал үүсгэдэг болохыг Fairyland Trust сайн үйлсийн сан ба Hubbub байгаль орчны байгууллага мэдэгдсэн байна. Харьцуулбал энэ нь 83 сая кока кола ундааны хуванцар савтай тэнцэх юм.

            Дээрх байгууллагууд Их Британийн гэр бүлүүдийн дунд судалгаа явуулсан бөгөөд үр дүнд нь тэдний 90% энэ жил Хэллоуины баярт зориулан шинэ костюм худалдан авна гэжээ. Үүний зэрэгцээ Aldi, Argos, Asos, Amazon, Boden, John Lewis, M&S, Next ба Tesco зэрэг томоохон дэлгүүрүүдийн худалдаалж буй баярын сэдэвтэй эд зүйлс нь ихэвчлэн хуванцар материалаас бүрддэг болохыг судлаачид онцолсон юм.

            Жишээ дурдвал нийт 324 костюмд ашигласан материалын 83% нь биологийн задралд ордоггүй, тосон суурьтай хуванцраар бүтээгдсэн байжээ. Түүнчлэн хүмүүс Хэллоуинд зориулан худалдан авсан бараа бүтээгдэхүүнүүдээ баярын дараа шууд л хаядаг болохыг судлаачид дурджээ. Өөрөөр хэлбэл хогийн цэг дээр хөглөрч, далай тэнгисийг бохирдуулж байдаг хуванцар хаягдал болно гэсэн үг юм. Мөн жил бүр баярын сэдэвтэй 7 сая костюм хог дээр хаягддаг бөгөөд үүнээс ердөө 1% нь л дахин боловсруулалтад ордог байна.

            Hubbub компанийн ерөнхий захирал Тревин Ресторикийн хэлснээр Хэллоуины баярын дараа үүсдэг хог хаягдлын хэмжээ дээрх тооноос хэд дахин их гэжээ. Уг судалгаанд зөвхөн костюмуудыг л дурдсан тул бусад чимэглэл, эд зүйлсийг оролцуулбал энэ тоо бүр ч их болно гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм.    Иймд эх дэлхийгээ хайрлаж түүнийг хуванцраас хамгаалахын тулд өмнө нь хэрэглэж  байсан Хэллоуины костюмаа ахин хэрэглэх, эсвэл шинээр авсан бол түүнийгээ ирэх жил ахин хэрэглэхийг уриалж байгаа аж.

Эх сурвалж Бюро