Цаг үеийн мэдээ

          “Утаагүй Дархан хот” хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор галлагаатай айл өрхүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр цахилгаан халаагуур олгох ажлыг гурван байршилд зохион байгууллаа. Тухайлбал: Дархан сумын 15 дугаар багийн 1800 айл өрх, Дархан сумын 5, 6, 7, 8, Малчин багийн нийт 450 айл өрх, Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн нийт 750 айл өрхөд цахилгаан халаагуур олгожээ. Энэ үеэр Онцгой байдлын газар, ДСЦТС ХК зэрэг мэргэжлийн байгууллагууд цахилгаан халаагуурыг хэрхэн зөв ашиглах заавар, зөвлөмжийг иргэдэд өгчээ. Цахилгаан халаагуур нь цагийн тохируулгатай, 1000 Вт, 1300 Вт, 2300Вт гэсэн гурван хүчин чадлаар халаадаг. Алсын зайн удирдлагатай, градус мэдрэгч нь тохируулсан градус хүртэл агаарыг халаамагц автоматаар унтарч өрөөний градус 3-5 хэмээр буурахад автоматаар эргэж асдаг тул цахилгааны хэмнэлттэй аж.

           Мөн иргэдэд цахилгаан халаагуур ашигласан үед гарах зардлыг тооцож танилцуулсан байна. Тарифт тоолуураар айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцож байхад 21:00-06:00 цагийн хооронд дахь цахилгаан эрчим хүчний үнэ 50 хувиар хөнгөлөгдөнө.

            Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын болон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу Агаарын бохирдол ихтэй аймгуудад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Дархан–Уул аймагт 335,0 сая.төгрөгийн хөрөнгөөр нийт 3000 цахилгаан зуух нийлүүлэх ажлыг “Цагаан зуун” ХХК гүйцэтгэсэн байна.

            Цахилгаан халаагуурыг аймгийн комисс хүлээн авч гэртэй айл өрх болон 30м2, 96м2 байшинтай айл өрхүүдэд туршилт хийж шалгажээ. Мөн агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсэд хамрагдах гэр хорооллын айл өрхийг хамруулахаар шийдвэрлэж, айл өрхийн судалгааг нарийвчлан гаргасан байна. Дээрх төсөл зөвхөн Дархан суманд хэрэгжиж байгаа юм байна.