Цаг үеийн мэдээ

       Короновирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс Эрүүл мэндийн байгууллагад 10 сая, сумдын эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 3 сая төгрөг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 1 сая төгрөгийн эм эмнэлгийн хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Сумдын Эрүүл мэндийн төвд амны хаалт, халад, комбинзон, нүдний шил, хормогч, бээлий, духны халуун хэмжигч, спирт, санитол, кагоцел, улавч, вирусын эсрэг эм, ариутгагч бодис зэрэг нийт 22 нэр төрлийн эм эмнэлгийн хэрэгслийг хүлээн өгсөн байна.

Дархан-Уул аймагт 5 Өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулдаг. Короновирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дээрх таван өрхийн эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн ажилтнуудад зориулан тус бүр 1 сая төгрөгийн өртөг бүхий 12 нэр төрлийн эм эмнэлгийн хэрэгсэл, дархлаажуулалтын бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгчээ. Ингэснээр эмч эмнэлгийн ажилчид өөрсдөө эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой болж байна.

Дарханд 50 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алслагдсан багт амьдардаг малчдад зориулан гэрийн эмийн сан сайн үйлсийн аянд нэгджээ. Нийтдээ 250 гаруй малчдад 1,8 сая төгрөгийн өртөг бүхий эмийн санг бэлтгэн холбогдох удирдлагуудад хүлээлгэн өгсөн байна.

Мөн  Улан -Үдэ хотоос Дарханд эм эмнэлгийн хэрэгсэл, 8000 гаруй амны хаалтыг нийлүүлжээ. Энэхүү амны хаалтыг Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа иргэд, Төрийн үйлчилгээний албан хаагч, Эрсдэлт буюу захын гэр хороололд амьдарч байгаа хүүхэд багачуудад үнэ төлбөргүй тараах ажлыг эхлүүлжээ.