Цаг үеийн мэдээ

          1923 онд “Үхрийн мялзанг эсэргүүцэх станц” нэртэй гадаадын иргэдийн хувийн жижиг үйлдвэрийг Засгийн газраас худалдан авснаар Монголын Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, биотехнологийн ууган үйлдвэр,  Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрын суурь нь тавигдсан юм. Энэхүү үйлдвэрт мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  40 гаруй нэр төрлийн биобэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байгаа юм байна. Монгол Улсад шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэх техникийн чадамжийг бий болгох зорилгоор 2014 оноос Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэгтэйгээр MON5023  төслийг эхлүүлж Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран ажиллаж эхэлжээ.

         Дэлхийн даяаршил, хүн амын өсөлт, суурьшилын нягтаршил, шилжилт хөдөлгөөн, цаг уурын өөрчлөлт, худалдаа, аялал жуулчлалын эрчимтэй хөгжил зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хүн, малын халдварт өвчний дэгдэлт, тархалтын цар хүрээ тэлэхийн зэрэгцээ дэлхийд жилд дор хаяж нэг шинэ халдвар бүртгэгдэж, бүртгэгдсэн халдварын 75 орчим хувь нь мал, амьтнаас гаралтай ба зарим халдвар дахин сэргэх хандлагатай болсон. Тиймээс энэхүү төслийг хэрэгжүүлж,  Олон улсын атомын энергийн агентлаг 360 гаруй мянган евро-ийн хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын Засгийн газар  уг вакцины технологийг боловсруулахад 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.