Цаг үеийн мэдээ

           Хүн төрөлхтнийг цочроогоод буй коронавирусын аюулаас яг одоогоор биднийг хамгаалж буй ганцхан хэрэгсэл бол амны хаалт буюу маск байна.  Бидний олноор зүүж байгаа ногоон, цэнхэр гадартай мэс заслын маск хэмээн нэрлэгдэх маскыг коронавирусын энэ удаагийн дэгдэлтийн халдвараас хамгаалах чадварын талаар дэлхий даяарх эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн санал харилцан адилгүй байгаа ч уг маскыг зөв зүүсэн тохиолдолд гаднаас халдвар авах эрсдлийг бууруулж чадна хэмээн ихэнх мэргэжилтэн үзэж байна. Энэхүү маск нь вирус агуулсан амьсгалын хэт бичил дусланцруудыг чөлөөтэй нэвтрүүлэх боломжтой ч амнаас ялгарч буй дуслуудыг шүүх чадвартай байдаг. Нэн ялангуяа, өвчтэй хүнээс халдварыг гадагш гаргахгүй амны орчимд шүүн барих чадвар өндөр. Тиймээс өвчтэй хүн өвчнөө бусдад тараахгүй, эрүүл хүн бусдаас халдвар авахгүй үүднээс өнөөдрийн байдлаар маскыг маш зөв хэрэглэх шаардлага тулгараад байна.

            Гэхдээ энэхүү  зөв хэрэглээ хэмээх үгний утгад маскыг зөвхөн амандаа зүүх төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд хэрэглэсэн маскаа хэрхэн зөв хаях асуудал бидний дунд асар том дутагдлыг дагуулж байна.  Агаарын бохирдол өндөр манай орны хувьд иргэд өвлийн улиралд амны хаалт зүүх ёстой ч энэ нь бидний дунд хэвшээгүй байсан асуудал. Харин дэлхий дахинд коронавирусын халдварын дэгдэлт газар авч, манай оронд халдварын тохиолдол азаар гараагүй ч иргэд өөрийгөө хамгаалах үүднээс амны хаалт зүүцгээж эхлээд байна. Гэхдээ зарим иргэд хэрэглэсэн амны хаалтаа хогийн саванд бус хаа тааралдсан газраа замбараагүй хаяж байгаа нь илүү их эрсдлийг дагуулж байна.  Хамгийн аймшигтай нь дэлхий дахиныг цочроогоод буй коронавирус гадаргуу дээр 24 цаг орших чадвартай гэдгийг эрдэмтэд баталсан. Тэгэхээр олон нийтийн газар хэн нэгний санаатай, санаандгүй хаясан хэрэглэсэн бохир маск 24 цагийн туршид аюултай өвчин тараагч болсоор байна гэсэн үг юм.

            Гэтэл маскны хэрэглээний зөв дүрэмдээ бол та бид маскаа хоёр цаг тутамд солих бөгөөд маскны хоёр талын сэнжнээс барьж тайлна. Ингээд хэрвээ та эрүүл өөртөө итгэлтэй байвал маскны гадна талын бохирдсон хэсгийг дотор тийш эргүүлэн хумьж оосроор нь ороож хаяна.  Харин  та ямар нэгэн өвчтэй бол дотор талыг дотогш хумьж хаях бөгөөд гараа маскныхаа их биед хүргэх ёсгүй. Ингээд маскаа хаясаны дараа гараа савандаж угаана.  Гэх мэтчилэн хэрэглэсэн маскыг хаяхад ийм хатуу ёс дүрэмтэй байхад та бид хэрэглэсэн маскаа замбараагүй хаяж бусдын эрүүл мэндэд асар их эрсдэл үүсгэсээр байна.  

Мэргэжлийн байгууллагуудын зөвлөснөөр зүүсэн амны хаалтаа энгийн хог хаягдалтай хамт хаялгүй, уутанд тусад нь хийж хаях ёстой. Ингэхгүй бол хог хаягдалтай харьцаж буй ачигч, үйлчлэгч зэрэг хүмүүсээр дамжин өвчин халдвар тархахыг үгүйсгэхгүй байгаа.

            Аливаа оронд дэлгэрсэн цар тахлыг тухайн орны иргэн бүрийн чин сэтгэл, өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалах сэтгэл дээр даван туулдаг. Гэхдээ яг одоогийн байдлаар манай оронд энэ аймшигт цар тахал дэлгэрээгүй байгаа ч мөн л агаар дуслын замаар халддаг томуу томуу төст өвчин газар авсаар байгааг үл тоож орхигдуулж болохгүй юм. Тиймээс яг одооноос эхлэн та маскны зөв хэрэглээг баримталж хэрэглэсэн маскаа зааврын дагуу хогийн саванд хаяж заншаарай. Өөрийгөө хамгаалж хэрэглэсэн маск тань бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулах ёсгүй гэдгийг үргэлж санаж яв.