Цаг үеийн мэдээ

      Өчигдөр буюу Бямба гарагт Казахстан улсад Covid-19 халдварын хоёр шинэ тохиолдол нэмэгдсэнээр нийт халдвар тээгчийн тоо зургаа хүрсэн байна. 

Баасан гарагт тус улс Германаас ирсэн зорчигчдоос анхны хоёр тохиолдол илэрснийг зарлаж байсан бол удалгүй Италиас ирсэн зорчигчдоос дахин хоёр тохиолдол илэрч, нийт халдварын тоог дөрөв болоод байв.

Сүүлийн хоёр тохиолдлын нэг нь Москва хотоос Алматыд нисэж ирсэн зорчигч байсан бол нөгөө нь Польшийн нийслэл Варшаваас нийслэл Нур-Султанд ирсэн зорчигч байжээ. Польшоос ирсэн эмэгтэй өмнө нь Германд очиж байсныг тогтоосон байна.

    Баасан гарагийг хүртэл хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан таван “стан” улсад коронавирусийн ганц ч халдвар илрээгүй байсан юм.

Тэгвэл тэднээс Казахстан улсад анхны тохиолдлууд илэрч байна.

      Казахстаны зургаан халдвар тээгчийн дөрөв нь тус улсын хамгийн том хот Алматыд, хоёр нь нийслэл Нур-Султан хотод тусгаарлагдан эмчлүүлж байгааг эрүүл мэндийн яам нь мэдээлжээ. Мөн 1,000 гаруй сэжигтнийг тусгаарлаж, 500 орчим хүнийг гэрийн хөл хорионд байлгаж байгаа гэнэ.

Шинэ коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор Казахстан улс Наурызийн баярыг тэмдэглэхийг хориглож, Нацист Германыг ялсны 75 жилийн ойд зориулсан цэргийн парадыг цуцлаад байгаа.

Нэгдүгээр сард Хятадад коронавирусийн дэгдэлт эхэлсний дараа Казахстан, Киргизистан, Узбекистан, Тажикистан, Туркменистан улсууд шуурхай арга хэмжээ авч, тус улсаас ирэх зорчигчдод хилийн хатуу хориг тавьж байв.