Цаг үеийн мэдээ

Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдвар дэлхий дахинд түймрийн аюул мэт тархаж байгаа энэ үед Зөгий.мн сайт гадны улс оронд оршин суугаа Монголчуудынхаа тухай мэдээллийг уншигчид та бүхэндээ өгсөөр байгаа билээ.  Энэ удаад Австрали улсад амьдардаг нэгэн бүсгүйн тухайн улс оронд үүссэн нөхцөл байдлын тухай бичсэн мэдээллийг хүргэж байна.

Австрали улсад Covid19 халдвар ихэсч орон даяар бүртгэгдсэн тохиолдол 2000 давсан тул өнөөдрөөс эхлэн 1-р зэргийн онцгой байдал зарлалаа. Бүх их дээд сургуулиуд цахимаар хичээллэх болж, ерөнхий боловсролын сургууль карантилаагүй ч нэг ангид 2-3хан хүүхэд ирж байна. Цагдаа нар гудамжинд олуулаа зогссон хүмүүсийг тарааж байгаа харагдана. Дэлгүүрт гурил, будаа, мах, 00 цаас, маск, гар ариутгагч гэх зүйлс нүдний гэм. Ресторан, кафе, жим зугаа цэнгээний бүх зүйлс, том далайн эргүүд хаагдсан. 6 сарын турш иргэд болон оршин суугчдаас бусад хүмүүсийг хилээр нэвтрүүлэхгүй журамтай байгаа.

Амьжиргааны өртөг өндөр орон тул над мэт гадаад оюутнууд хамгийн их түгшиж байх шиг байна. Ажил зогссон ч төлбөр төлнө, түрээс төлнө, татвар төлнө. Монголоос бараг 6,000 залуус энд суралцдаг. Энд тэндгүй л түрээсийн байрныхаа нэрийг шилжүүлэх зарууд, сургуулийн төлбөрөө яах вэ, ажилгүй боллоо гэсэн постууд хөвөрсөөр. Иргэд оршин суугчиддаа, дотоодын оюутнууддаа мөнгөн халамж үзүүлж байна. Өвдөөд эмнэлэгт хүргэгдвэл тэднийг түрүүлж эмчлэх нь даамжиггүй. Тэгэх ч ёстой л байх л даа. Улс иргэнээ нэгд тавих хэрэгтэй.

Иргэд нь ч айдас хүйдэстэй л байх шиг байна, дэлгүүрийн байдлыг харвал.

Ийм үед хүүхдээ сургуульд нь санаа зоволтгүй явуулаад, ээж аав нар ажил албандаа тайван яваад, дуртай үедээ гадуур хооллож, дэлгүүр ороход бүх бараа бэлэн байж байдаг тийм нэг зүгээр л энгийн үеэ ямар сайхан байсныг ойлгодог. Японд "Нанигэ най ничижо" буюу эгэл жирийн өдрүүд л хамгийн аз жаргалтай байдаг" гэдэг үг байдаг. Бидний мэдээжийн юм шиг амьдардаг байсан өдрүүд, байж л байдаг байсан зүйлс мэдээжийн биш болоход хүн амьдралд ямар хайртайгаа, байгаа бүхэндээ талархаж амьдрах ёстойгоо ухаардаг бололтой. Гэр бүл бүтэн, өвчин зовлонгүй, орох оронтой, очих ажилтай, идэх хоол хүнстэй, инээх шалтгаантай л байвал сайхан амьдарч байна гэсэн үг юм байна шүү .

Энэ аюултай өвчин хурдан намжиж, бүх зүйлс байр байрандаа эргэн очиж, эгэл жирийн өдрүүд маань бидэнд эргэн ирэхийг тэнгэртээ залбирья .

Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.