Цаг үеийн мэдээ

Хүн дүрст мичнүүд коронавирусийн халдвар авах эрсдэл өндөр байж болзошгүй хэмээн эмээж Африкийн орнууд мичнүүдийг хөл хорионд оруулаад байна.

Горилл, шимпанзе, орангутан олноороо амьдардаг дархан цаазат газрууд, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хааж, хүмүүсийг нэвтрүүлэхийг хориглосон байна.

Одоогоор сармагчнаас коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдол байхгүй байгаа ч, мичийг хүний ойрын өвөг хэмээн үздэг тул халдвар авах аюул хүмүүсийнхтэй адилхан өндөр түвшинд байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна.

Коронавирус хүнээс амьтанд халдварласан тохиолдол энэ 7 хоногийн эхээр Нью-Йоркийн амьтны хүрээлэнд бүртгэгдсэн билээ. Тус хүрээлэнгийн нэгэн бар ковид-19-ийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон юм.

Тоо толгой нь цөөрч устаж мөхөх аюулд ойрхон байгаа уулын гориллууд Руанда, Уганда, Ардчилсан Конго улсуудын ширэнгэн ойд амьдардаг юм. Эдгээр гурван улсад коронавирусээр хүн халдварласан тохиолдол бүртгэгдсэн учир гориллуудыг вирусээс хамгаалах зорилгоор дархан цаазат газрыг хаагаад байгаа юм.

Харин зөвхөн ажилчид, амьтан хамгаалагчид нь хамгаалалтын хэрэглэлтэйгээр холын зайнаас харьцах ёстой юм байна.

Өмнө нь Африкт дэгдсэн эбола вирус хэдэн мянган шимпанзе, гориллуудыг үхэлд хүргэсэн байж болзошгүй хэмээн зарим мэргэжилтнүүд үздэг юм.

Эх сурвалж: ВВС