Цаг үеийн мэдээ

ОПЕК буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллагын гишүүн орнууд болон бусад томоохон орнууд ням гарагт видео хурал хийж түүхэн зөвшилцөлд хүрч чадсан байна. 10 цаг үргэлжилсэн яриа хэлэлцээрийн үр дүнд ОПЕК газрын тосны олборлолтоо түүхэндээ байгаагүй өндөр хувиар буюу өдөрт 9,7 сая баррелиар бууруулахаар санал нэгдсэн байна.

5 дугаар сарын 1-нээс эхлэн дэлхийн газрын тосны олборлолтыг 10 орчим хувиар бууруулахаар болсон энэ хэлэлцээрт АНУ анх удаагаа нэгдсэн юм.

Ингэснээр хэдэн 7 хоногийн өмнөөс ОХУ, Саудын Арабын хооронд үүсээд байсан үнийн дайн дуусгавар болох ёстой юм. Өнгөрсөн сарын эхээр Саудын Араб харилцагч орнууддаа нефтийг хөнгөлөлттэй үнээр санал болгож эхэлсэн нь 2 орны хооронд зөрчил үүсгэсэн билээ.

Өчигдрийн хэлэлцээрийн үр дүнд тус хоёр орон 5,6 дугаар саруудад олборлолтоо өдөрт 2,5 сая баррелиар танахаар болжээ.

Коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны эрэлт хоногт 10-15 хувиар буурснаас болж нефтийн үнэ дагаад буурсан билээ.

Харин нефтийн олборлолтоо багасгаснаар нефтийн үнийг буцаад өсгөх боломжтой гэж хэлэлцээрт оролцогчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: ВВС