Цаг үеийн мэдээ

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын газар, тагнуулын агентлагтай холбоотой олон тооны баримтыг олон нийтэд ил болгосон “Wikileaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанж 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож байхдаа 2 ч хүүхдийн эцэг болсон байна.

Өмнөд Африк гаралтай хуульч эмэгтэй Стелла Моррис нь 2015 оноос Жулиан Ассанжтай дотносож, улмаар түүний 2 хүүхдийг төрүүлсэн гэдгээ сэтгүүлчид хэлсэн байна. Хосууд 2017 онд сүй тавьсан бөгөөд тэдний том хүү Габриель нь 3 настай бол бага хүү Макс нь нэг настай юм байна.

Анх 2011 онд Ассанжийг хамгаалах өмгөөлөгчдийн багт нэгдэж байсан Стелла Моррис бараг өдөр бүр Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд очиж түүнтэй уулздаг байсан гэнэ. Төрснийхөө дараа ч гэсэн тэрээр хүүхдүүдээ авчирч, аавтай нь уулзуулдаг байсан юм байна.

АНУ-д тагнуулын хэрэгт, Шведэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа Жулиан Ассанжийг Эквадорын элчин сайдын яам 7 жилийн турш орогнуулсныхаа дараа түүнийг өнгөрсөн жил албадан гаргасан юм.

 Тэр даруйд нь Жулиан Ассанжийг баривчилж Белмаршийн хорих ангид хорисон юм. Тэгвэл түүний хоригдож байгаа шоронд коронавирусийн халдвар дэгдэж, нэг хүн тус вирусээр нас бараад байна.

Коронавирус хүүхдүүдийнх нь эцгийн эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул заналхийлж байгаад сэтгэл зовниж байгаагаа Стелла Моррис хэлсэн байна.

Энэ жил 48 настай Австралийн иргэн Жулиан Ассанж эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтаар суллагдах хүсэлтээ гаргаад байгаа юм байна.