Цаг үеийн мэдээ

Оросын алдарт “Большой театр”-ын 34 ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн болохыг тус театрын ерөнхий захирал Владимир Урин мэдээллээ.

Эдгээр ажилчдад ханиалгах, халуурах шинж тэмдэг илрээгүй бөгөөд тэд бүгд гэртээ тусгаарлагдан эмчлэгдэж байгаа юм байна.

Халдвар авсан ажилчид өнгөрсөн бямба гарагт “Большой театр”-ын тайзнаас үзэгчдэд телевизээр шууд дамжуулан хүргэсэн  “Бид Хамтдаа” тоглолтын зохион байгуулах ажилд оролцоогүй гэдгийг театрын зүгээс хэлж байна.

Тус тоглолтыг дамжуулахаас хэд хоногийн өмнө зохион байгуулах ажиллагаанд оролцсон хэдэн зуун хүнийг ковид-19-ийн шинжилгээнд хамруулсан юм байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын 82 бүс нутагт халдварын нийт 18,328 тохиолдол бүртгэгдэж 148 хүн амиа алдаж, 1470 хүн эдгээд байна.

Зөвхөн өнгөрсөн нэг хоногийн хугацаанд манай хойд хөршид халдварын 2558 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.