Цаг үеийн мэдээ

Харри Поттерийн зохиолч Ж.К.Роулинг хүүхэд байхдаа амьдарч байсан Тутсхилл тосгон дахь байшингаа 2011 онд нууцаар өөрийн болгон худалдан авч байсан нь олон нийтэд ил боллоо.

9-өөс 18 нас хүртлээ амьдарч, хүүхэд насныхаа гэгээн дурсамжийг өнгөрүүлсэн байшингаа тэрээр 400 мянган фунтээр худалдан авсан юм байна.

1995 онд Роулингийн эцгээс байшинг худалдан авсан ВВС-ийн продюсер Жулиан Мерсер 2011 оныг хүртэл энэ байшинд амьдарсан байна.

Алдарт зохиолч маань энэхүү байшингийнхаа олон зүйлийг Харри Поттер зохиолдоо тусгасан байдаг юм.

Гаднах байдал нь зарим хүмүүст мини Хогвардыг санагдуулам тус байшинд Харри Поттерийн амьдардагтай адилхан шатны доорх өрөө байдаг байна.

Архитекторч Генги Вудиерийн зургаар барьсан энэ байшингийн ханан дээр “Жоан Роулинг энд унтаж байсан” гэсэн зохиолчийн өөрийнх нь 1982 онд бичиж байсан бичиг өнөөг хүртэл арилаагүй байдаг байна.

Зохиолч Роулинг тосгоныхоо ойролцоо ээжийнхээ ажиллаж байсан сургуульд сурдаг байсан бөгөөд Харри Поттер зохиол дээр нь гардаг профессор Снейп, Рон Уйсли нарын дүрийг өөрт нь хичээл заадаг байсан сургуулийнхаа багш нарын дүрээр дүрсэлсэн байна.